Төрийн албан хаагчдад зориулсан 150 айлын орон сууцыг 15 суманд барина

Нийслэлийн төвлөрлийг бууруулах, орон нутагт ажиллах хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор 2027 онд төрийн албан хаагчдад зориулсан 150 айлын орон сууцыг 15 суманд барихаар төлөвлөжээ. Энэхүү төсөлд 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Тухайлбал, Завханы Тэс, Хөвсгөлийн Цагаан-Уул зэрэг сумдад орон сууц барих ажлыг хэрэгжүүлэхээр болсон байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг 2026 оны наймдугаар сарын 4-нд болж, яамны хэлтсийн дарга Э.Батболд орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал болохыг онцоллоо. Тэрбээр 2024 онд орон нутагт 8 болон 15 айлын орон сууц барих төслүүд эхэлсэн бөгөөд одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг мэдээлэв.
Мөн 2026 онд хоёрдугаар ээлжийн төсөл хэрэгжиж, 44 байршилд нийт 471 айлын орон сууц барих ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ жил 6 суманд 55 айлын орон сууцны төслийг бүрэн дуусгасан байна.
2027 онд гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хэрэгжүүлж буй “Солонго 1,2” орон сууцны төслүүдийг дуусгах төлөвлөгөөтэй байна. Ирэх жил шинэ төсөл эхлүүлэхээс илүүтэйгээр одоо хэрэгжиж буй төслүүдийг хугацаанд нь дуусгах бодлого баримталж байгаа бөгөөд ингэснээр төсөвт өөрчлөлт гарах эрсдлийг бууруулахыг зорьж байна.
Түүнчлэн энэ онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан 1008 айлын “Ногоон нуур” орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан байна.
