Газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих, өргөтгөх төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

2026-08-101min
Газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих, өргөтгөх төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих, өргөтгөх төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, 21 аж ахуйн нэгжийн 26 төсөлд нийт 365 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэдээлэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монгол банк болон Арилжааны банкнуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн байна. Зээлийн хүүгийн есөн хувийг төр хариуцаж, үлдсэн зургаан хувийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлөхөөр зохицуулжээ.

Хөнгөлөлттэй зээлд 21 аж ахуйн нэгжийн нийт 26 газрын тосны бүтээгдэхүүний агуулахын төсөл хамрагдаж байгаа бөгөөд эдгээрийн хүрээнд нийт 299,725 м³ багтаамж бүхий агуулах барих, өргөтгөхөд 365.0 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдэгдэв.

Улаанбаатар хотод баригдаж буй “Сан Петролиум” ХХК-ийн агуулахын барилгын ажил 85-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төсөлд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

“Шунхлай” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 98,000 м³ багтаамжтай Монголын хамгийн том газрын тосны бүтээгдэхүүний агуулах савыг барьж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэл 40 хувь, барилгын гүйцэтгэл 25 хувьтай байна. Тус төсөлд нийт долоон ширхэг, нэг бүр нь 14,000 м³ багтаамжтай босоо ган сав баригдах юм.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төслүүдийн хүрээнд 7 агуулахыг шинээр барьж, 16 агуулахыг өргөтгөхөөр төлөвлөжээ.

Шинээр барих төслүүдийн нийт хадгалах хүчин чадал 137,600 м³ бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 194.413 тэрбум төгрөг байна. Харин өргөтгөлийн төслүүдийн нийт хадгалах хүчин чадал 118,125 м³, хөрөнгө оруулалтын хэмжээ 118.547 тэрбум төгрөг гэж мэдээлэв.

Агуулахуудыг Улаанбаатар хотод 13, Өмнөговь аймагт 4, Дархан-Уул аймагт 2, Баян-Өлгий аймагт 2, Орхон болон Ховд аймагт тус бүр нэг агуулах барихаар төлөвлөжээ.