НИТХ: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлаж, хариуцлага тооцохыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 10-нд Хангарди ордонд болж өндөрлөлөө.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр хуралдааны хаалтын үгэндээ суррон, скүүтер, мопед зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.
Тэрбээр сүүлийн үед цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, мопед, скүүтер болон тэдгээртэй адилтгах төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдсэнээс үүдэн өсвөр насны хүүхэд, залуучууд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгааг тэмдэглэв.
Эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй зам тээврийн осол нэмэгдэж, хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учрах, бусдын аюулгүй зорчих эрхэд сөргөөр нөлөөлөх тохиолдол ихэссэн байна.
Нийслэлд 2024 онд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй ослын тоо 446 байсан бол 2025 онд 2,792 болж зургаа дахин өссөн бөгөөд 2026 оны эхний долоон сарын байдлаар 1,327 осол бүртгэгдэж, хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдал гарсан талаар мэдээлэв.
НИТХ нь осолд өртсөн хүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж, цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн зүгээс гаргаж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалтыг зохион байгуулах, хязгаарлалтуудыг тогтоох, тээврийн хэрэгслийг түр саатуулах болон хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн байна.
Мөн эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүүхдэдээ энэхүү төрлийн тээврийн хэрэгсэл худалдан авч өгөхгүй байх, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг уриалж, хүүхдийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад иргэдийн оролцоо чухал болохыг санууллаа.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг дурдав.
Түүнчлэн, нийслэлийн замын түгжрэл, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр байгууллагууд ажлаа эрчимжүүлж, замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах, иргэдийг замын хөдөлгөөнд бухимдалгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх, авч буй арга хэмжээ, төлөвлөж буй ажлуудаа иргэдэд сайн сурталчлахад анхаарахыг онцлов.
