Гадаад ажилчдын тоо буурах шалтгаан: хэлний шалгуур болон зардлын өсөлт

2026 оны хоёрдугаар улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр буюу Е-9 визээр гадаад улс оронд ажиллах Монгол Улсын иргэдийн тоо 94 болжээ. Энэ нь өмнөх оноос 131-ээр буюу 58.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Тэдний 71 нь БНСУ, 23 нь Япон улсыг зорьсон байна.
БНСУ-ын Засгийн газраас гадаад ажилчдын квотыг бууруулж, Е-9 визээр ирж буй ажилчдад шаардлагатай хэлний босго оноо болон шалгуурыг эрс чангаруулсан нь энэхүү бууралттай холбоотой гэж албаныхан мэдээлэв.
Япон улсын хувьд гадаад иргэдийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг 300 мянган иен хүртэл нэмсэн нь гадаад ажилчдын тоонд нөлөөлсөн байж болзошгүй юм. Мөн иений ханш АНУ болон Японы төв банкны хүүгийн зөрүүгээс шалтгаалан ам.долларын эсрэг сүүлийн 40 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн нь гадаад ажилчдын бодит орлогыг бууруулсан байна. Тухайлбал, 2021 онд нэг ам.доллар 103 иентэй тэнцэж байсан бол 2026 оны дунд үед 163.9 иен болж өссөн байна.
Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийг салбараар нь авч үзвэл, 73.4 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 9.6 хувь нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 8.5 хувь нь барилга, 4.3 хувь нь зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ, мөн 4.3 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын чиглэлээр ажиллаж байна.
