Улаанбаатар хотод шатахууны хангамж 90 хувьд хүрчээ

2026-08-181min
Улаанбаатар хотод шатахууны хангамж 90 хувьд хүрчээ
2026 оны наймдугаар сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын 90 хувь нь үйл ажиллагаа явуулж, шатахууны хангамж сайжирч байна. Гэсэн хэдий ч зарим станцууд шөнийн цагаар ажиллахгүй, урт дараалал үүсэх асуудал үргэлжилж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр шатахууны хангамж, түгээлтийн талаар мэдээлэл хийлээ.

2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр нийт 1750 тонн АИ92 шатахуун Улаанбаатар хотод, орон нутагт 550 тонн шатахуун түгээгдсэн байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын 90 хувь нь үйл ажиллагаагаа сэргээжээ.

Мөн өчигдөр 48 вагон буюу 2880 тонн АИ92 шатахууныг буулгаж, шатахуун түгээх станцууд руу хангалт хийж байгаа аж.

Гэсэн хэдий ч зарим шатахуун түгээх станцууд шөнийн цагаар ажиллахгүй, олон хошуугаар зэрэг шатахуун олгохгүй байгаагаас урт дараалал үүсэх зэрэг асуудлууд гарч байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нефть импортлогч аж ахуй нэгжүүдэд үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны тогтворгүй байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх эрсдэл нэмэгдэж байгаа тул Монгол улс шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.