Монгол, Беларус уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэв

2026-08-261min
Монгол, Беларус уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэв
Монгол Улс болон Беларус Улс уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар уулзалт хийж, геологи хайгуул, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Беларус Улсын Байгалийн нөөц, байгаль хамгаалал хариуцсан дэд сайд Виктор Галановыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Виктор Галанов Беларус Улс Монгол Улстай харьцуулахад эрдэс баялгийн нөөц харьцангуй бага боловч 50 гаруй төрлийн уул уурхайн түүхий эд олборлож, тэдгээрийн ихэнхийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулдаг талаар мэдээлэв.

Тэрбээр цаашид Монгол Улстай геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн уурхайн олборлолтын тоног төхөөрөмжөөс гадна боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг олон төрлөөр үйлдвэрлэн экспортолдог тул Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон аж ахуйн нэгжүүдийг тус улсад зочилж, үйлдвэрүүдтэй танилцахыг урьж байгаагаа хэлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал гарган уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн хоёр улс геологийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.

Тэрбээр 2026 оны есдүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах Mining Week & Mine Pro арга хэмжээнд олон улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон уул уурхайн компаниудыг өргөнөөр оролцохыг урьсан байна.