Монгол Улсын 2027 оны төсөв ₮2.3 их наядын алдагдалтайгаар өргөн баригдлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан нар 2027 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад төсвийн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.
2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцож, 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан байна.
Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлого, Оюутолгой төслийн ноогдол ашгаас болон орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс үүссэн нэмэгдсэн орлогыг төсвийн нийт зарлагын дээд хэмжээнд нэмж тооцохоор зохицуулжээ. Ийм хэмжээнд төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байна гэж хуульд заасан байна.
Төсвийн тусгай шаардлагыг дараах байдлаар тооцжээ. Тэнцвэржүүлсэн орлогыг олон улсын санхүүгийн байгууллагуудын үнийн төсөөлөл болон макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, экспортын төлөвтэй уялдуулан тооцсон. Тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй алдагдалтай буюу ашигтай байхаар тусгасан байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлагыг эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өнгөрсөн 12 жилийн дунджаас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн бөгөөд 2027 онд нэмэгдсэн орлогын хэмжээгээр зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлж, тус шаардлагыг хэсэг хугацаанд мөрдөхгүй байхаар зохицуулжээ.
Засгийн газрын өрийг 2027 болон 2028 онд тухайн жилийн үнэлгээгээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон нь төсвийн тогтвортой байдлын хуульд заасан шаардлагуудыг хангаж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засгийн шинэ нөхцөл байдалд нийцүүлэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, 2027 оны төсвийг бодитой төлөвлөх, төсвийн хөрөнгийг үр ашигтай хуваарилах нөхцөл бүрдэх гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
