БНХАУ Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

2026-09-011min
БНХАУ Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад болох ШХАБ-ын уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав. Хоёр тал нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Хуралдаанаас өмнө тэрээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйн талаар санал солилцов.

Уулзалтаар Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон тухай албан эх сурвалж мэдээлэв. Мөн эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн хүрээнд аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбаруудыг хамтарч хөгжүүлэх нь зүйтэй гэж талууд санал нэгдсэн байна.

Түүнчлэн Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцсон аж.

Олон улсын геополитик, геостратегийн шалтгааны улмаас дэлхийн зах зээл дээр түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа энэ үед Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг дэмжлэгт талархал илэрхийлсэн байна.

Мөн гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Хятад, Орос улсын хамтын ажиллагааны томоохон төсөл болох “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэрэг асуудлуудыг хэлэлцсэн гэдгийг мэдээлжээ.

Хятадын талын албан мэдээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтын үеэр “Монгол Улс Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг үр дүнтэй хамгаална” гэж найдаж буйгаа илэрхийлсэн гэж онцолсон боловч Ерөнхийлөгчийн албан мэдээнд энэ талаар дурдсангүй.

Өмнө нь, наймдугаар сард Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул хийж байсан Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиа файсон энержи” компанийн ажилчдад тавигдсан эсэргүүцэлтэй холбоотойгоор тухайн иргэнийг цагдан хорьсон юм. Тус асуудал нь Хятадын талд хүрч, уулзалтаар Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын эрх ашгийг хамгаалахыг хүссэн талаар мэдээлэгдсэн байна.