Монгол Улсад түлш, шатахууны тогтвортой нийлүүлэлтийг ОХУ онцгой анхаарч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтэй уулзаж, хоёр улсын хооронд түлш, шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хангах талаар ярилцлаа.
С.Е.Цивилёв сайд олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын улмаас дэлхийн түлш шатахууны зах зээлд тодорхойгүй байдал үүссэн ч ОХУ Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч байгаа гэдгийг тэмдэглэв. Тэрбээр Оросын Засгийн газар Монгол Улсын Засгийн газартай ойр хамтран ажиллаж, цаашдаа нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахын тулд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
Мөн С.Е.Цивилёв Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх асуудлыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргалаа.
“Роснефть” болон “Газпром” компанийн удирдлагууд Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсад түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хадгалах болно гэж мэдэгдэв.
Ерөнхий сайд Н.Учрал геополитикийн цаашид төвөгтэй нөхцөл байдал үүссэн үед Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх нь чухал гэдгийг онцлов.
Талууд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах, нийлүүлэлтийн эрсдэлийг багасгах чиглэлээр хамтран ажиллах боломжууд болон цаашдын арга замуудыг хэлэлцэв.
Үүний зэрэгцээ “ДЦС-3” цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон бөгөөд төслийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох гэрээний нөхцөл, өртөг болон төлбөр тооцооны асуудлыг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох нь чухал гэдэгт санал нэгдэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн төслийг стратегийн ач холбогдолтой гэж үзэж, төслийн дараагийн шатны гэрээ хэлэлцээг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангахад Оросын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах хүсэлтээ илэрхийллээ.
Уулзалтын үеэр Монгол, Орос улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд хоёр тал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, түлш эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
