Сурагчдын үдийн хоолны хугацааг сунгаж, чанартай хоол хүнсний хангамж сайжирна

Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ жил “Үдийн хоол хөтөлбөр”-ийн өртөг 7000-8000 төгрөг болсныг мэдэгдэв. Мөн 1-5 дугаар ангийн сурагчдад “Сүү хөтөлбөр” хэрэгжиж эхэлнэ гэв. Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат сурагчдын үдийн хоол идэх хугацааг сунгах талаар ажиллаж байгааг мэдээллээ. Тэрбээр сурагчдын эрүүл ахуйн дэглэмийг сайжруулж гараа угаах, хоолоо идсэний дараа шүдээ угаах, хөдөлгөөн хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгааг илэрхийлэв. Улсын хэмжээнд 238 сургуулиуд нэг ээлжээр хичээллэж байгаа бөгөөд үдийн хоолны цагийг сунгах ажилд оролцож байна. Харин хоёр ээлжээр хичээллэдэг сургуулиудад энэхүү асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа аж.
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд ясгүй мах худалдан авч төсвийн хэмнэл хийхийг албаныхан зохион байгуулж байна. Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван махны хорогдлын норм 25-35 хувьтай байгааг мэдээлэв. Тухайлбал, ястай үхрийн мах захиалсан тохиолдолд 70-75 кг цэвэр мах гардаг байна. Мөн үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг үе шаттайгаар цахим дэлгүүрт байршуулж хэрэглээнд нэвтрүүлж байгаа гэж тайлбарлав. Үүнд хагас боловсруулсан анхан шатны бүтээгдэхүүнүүд багтаж байгаа бөгөөд Нийслэлд хүнсний түүхий эд нийлүүлэх аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. Хичээлийн жилийн бэлтгэл ажил бүрэн хангасан бөгөөд цаашид дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол олгох талаар төлөвлөж байна.
1-5 дугаар ангийн сурагчдын хамрагддаг “Үдийн хоол” хөтөлбөрт 2026 оны төсвийн төсөлд 102.4 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд энэ дүн 222.5 мянган хүүхдийг хамрах юм. Мэргэжилтнүүд бага ангийн сурагч нь хоногт авах илчлэгийн 35 хувь буюу 610 ккал үдийн хоолоор авах шаардлагатай гэж үздэг. Гэсэн хэдий ч эцэг эх болон сургалтын удирдлагуудын идэвх сул байгаагаас үүдэн хүүхдэд эрүүл, чанартай хоол хүргэхэд хүндрэлтэй байгааг иргэд тэмдэглэж байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өмнө нь Нийслэлийн 280 сургуулиас 170 гаруй нь түрээсийн гал тогоотой байсан бөгөөд үүнээс 2500 төгрөгийн ихэнх нь бусдын халаасруу орж байсан гэж мэдэгдсэн. Одоо сургууль бүр өөрийн гал тогоотой болж, халуун хоол боловсруулалтыг гал тогоонд хийдэг болсон гэж онцлов. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж байх бөгөөд гурил зуурж, ногоо арилгах ажил заавал гал тогоонд хийгдэж байна. Цаашдаа сургууль, цэцэрлэгүүд хүнсний худалдан авалтаа цахим дэлгүүрээс хийх боломж бүрдэнэ гэв.
