Нийгэм

Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг иж бүрэн шинэчилжээ

Зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Драгон холдинг” ХХК-тай хамтран “Сонгинохайрхан зорчигч тээврийн төв”-ийг иж бүрэн шинэчилсэн байна.

“Сонгинохайрхан зорчигч тээврийн төв” нь сүүлийн 23 жилийн турш улс, хот хоорондын зорчигч тээврийн гол зангилаа болж иржээ. Тус төв нь 53 аж ахуйн нэгжтэй хамтран 17 аймаг болон ОХУ-ын Улаан-Үдэ хотын чиглэлд өдөрт 160–300 тээврийн хэрэгслээр 2500–4000 гаруй зорчигчдод үйлчилгээ үзүүлдэг байв.

Шинэчлэлийн хүрээнд 837 м² барилга, 1600 м² зорчигч буух, суух талбай, 4000 м² автобусны хүлээлгийн талбайг иж бүрэн засварлажээ. Мөн дулаан хангамж, цахилгаан, ус хангамж, гэрэлтүүлэг, танхимын агааржуулалтыг сайжруулж, тасалбар борлуулалт, хүлээлгийн танхим, лавлагаа, тээш хадгалах үйлчилгээний үйл ажиллагааг шинэчилсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан болон бага насны хүүхэдтэй зорчигчдод зориулсан ээлтэй орчинг бүрдүүлсэн байна.

Автобусны хөдөлгөөний зохион байгуулалт, зорчигчийн аюулгүй байдал, ажилтнуудын ажлын нөхцөлийг сайжруулж, төвийн үйлчилгээний стандартын дагуу нэгдүгээр зэрэглэлийн автобус буудлын шаардлагад нийцүүлсэн байна.

Шинэчлэл дууссанаар тус төв өдөрт 17 чиглэлд 400 хүртэл тээврийн хэрэгсэл, 18 мянга хүртэл зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болсон бөгөөд нийслэлээс орон нутаг руу зорчих иргэдэд илүү тав тухтай, аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл