Говь-Алтайд “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг үргэлжилж байна

2026-09-091min
Говь-Алтайд “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг үргэлжилж байна
Говь-Алтай аймагт “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг болж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут алслагдсан ангиудын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах шинэ шийдвэрийг танилцууллаа.

Говь-Алтай аймагт “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут сургалт, өдөрлөгийн үеэр батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг иргэд, алба хаагчдад танилцуулав. Тэрбээр алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан шийдвэрийг онцлон дурдлаа.

Тодруулбал, алслагдсан ангийн тоог нэмэгдүүлж, тухайн анги, салбарт тав ба түүнээс дээш жил ажилласан офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид таван жил тутамд үндсэн цалинтай тэнцэх 30 сарын нэг удаагийн мөнгөн урамшуулал авах боломжийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон тухай сайд танилцуулсан юм.

Энэхүү шийдвэр нь алслагдсан анги, салбарт олон жил ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг үнэлж, тэдний нийгэм, эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг орон нутагт тогтвортой ажиллуулахад чиглэнэ.

“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгийн хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагааг иргэдэд танилцуулах уулзалт, Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн, эх оронч хүмүүжил, Монгол цэргийн түүхийг сурталчлах олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон салбарын байгууллагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, Говь-Алтай аймгийн иргэд оролцож байна.

Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам.