Сүүлийн гурван жилд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил нэмэгдсэн талаар мэдээ гарлаа.
Зөрчлийн тухай хуулинд эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих хяналтыг зөрчихөд онцгойлон анхаарч 30 гаруй хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг хуульчилсан. Энэ оны есдүгээр сарын 15-ны байдлаар нийт 71 зөрчил бүртгэгдэж, прокуророос хяналт тавьсан байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлээр “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зөрчил, 6.4 дүгээр зүйлээр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчилд нийт 71 иргэн, хуулийн этгээд холбогдон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явагджээ. Үүний 39 нь нийслэлд, 32 нь орон нутагт шалгагдсан байна.
Эм болон эмнэлгийн хэрэгслийн нэр, төрөл жил жилийн нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээртэй холбоотой харилцааг зохицуулах хууль зөрчих тохиолдол ч нэмэгдэж байна. Монгол Улсад 2023 онд 143, 2024 онд 137, 2025 онд 177 эм, бэлдмэл шинээр бүртгэгдсэн бол эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 2023 онд 107, 2024 онд 178, 2025 онд 222 болж өссөн тоон мэдээлэл гарсан юм.
2026 онд зөрчил үйлдсэн 71 иргэн, хуулийн этгээдэд нийт 109.8 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан бөгөөд үүний 57.9 сая төгрөг нь төлөгдөөд байна. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэлийн биелэлтийг хариуцдаг бөгөөд шийтгэлийг биелүүлээгүй бол өөр төрлийн шийтгэлийг шүүхэд санал болгох хууль эрх зүйн зохицуулалттай.
Эм зүйч, эмч, жор баригч нарын зэрэг мэргэжлийн хүмүүстэй хамт эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хүн, хуулийн этгээд мөн зөрчилд холбогдож байгаа аж. Үүний нэг шалтгаан нь салбарын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаатай холбон Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл