Дэлхийн Бөхийн Холбоо (UWW)-ноос 2027 онд чансааны оноо олгох цуврал тэмцээний хуваарийг танилцууллаа. “Лос Анжелес 2028” олимпын эрх авах гурван тэмцээний нэгийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.
2027 онд чансааны оноо олгох тэмцээнүүд Хорватын Загреб (2 дугаар сарын 1-7), АНУ-ын Коралвил (5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 6), мөн Монгол Улсын Улаанбаатар (7 дугаар сарын 19-25) хотуудад болно. Загребт 2023 оноос чансаа олгох тэмцээн зохион байгуулах болсон бол Улаанбаатар нь сүүлийн хоёр жил дараалан ийм тэмцээн амжилттай зохион байгуулжээ. АНУ-ын Коралвилд анх удаа бөхийн төрөлд шилдэг тамирчид оролцох юм.
Мөн онооны системд шинэчлэлт хийгдсэн бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ журмын дагуу тамирчид барилдаан болгон дээрээ чансааны оноо авах боломжтой болжээ. Олимп болон дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 40,000 оноо, тэмцээнд оролцсон тохиолдолд шагналд 250 оноо, ялалтын бүрд 2,000 оноо авна. Чансааны цуврал тэмцээнд түрүүлсэн тамирчин 20,000 оноо, оролцсоныхоо шагналд 150 оноо, ялалтын бүрд 1,000 оноо, тивийн болон наадамд түрүүлсэн тамирчин 10,000 оноо, оролцсон шагналд 75 оноо, ялалтад 500 оноо авах юм.
“Лос Анжелес 2028” олимпод оролцоход хэрэгтэй чансааны оноог 2027 оны чансааны цуврал гурван тэмцээн, 2027 оны тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2027 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 оны чансааны цуврал нэг тэмцээн, мөн 2028 оны тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчдын нийлбэр оноо байдлаар олгохоор тогтжээ.


Сэтгэгдэл