23 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж сэжиглэгдэж буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр өглөөний 09.00 цагт Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн байна.
Шүүх хурал одоогоор түр завсарласан байна. Шүүх хуралдаанд орж буй үеэр Б.Эрдэнэсүх манай сайтад өгсөн тодруулгадаа, түүний хуучин эхнэр О.Нарангарав “Худал мэдээллээр хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн” үндэслэлээр яллагдагчаар татагдсан гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн тэрээр О.Нарангарав хамрын гоо сайхны хагалгаанд орсон зургаараа зодуулсан гэж ард түмнийг төөрөгдүүлж байна гэдгийг онцолжээ.
Тэгвэл хохирогч О.Нарангаравын өмгөөлөгч Д.Баттулга уг мэдээллийг үгүйсгэж, “Манай үйлчлүүлэгч О.Нарангарав гоо сайхны ямар нэгэн хагалгаанд огт орж байгаагүй” гэж мэдэгдлээ.
Мөн Д.Баттулга Б.Эрдэнэсүх албан тушаалаа ашиглан хохирогчид хор хөнөөл учруулах зорилгоор янз бүрийн хэрэг үүрүүлэх гэж оролдож байгааг илэрхийлжээ. Тэрбээр О.Нарангаравын зүгээс үйл явдлын талаар маш их гомдолтой байгаа талаараа ярьсан байна.


Сэтгэгдэл