Нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн нөхцөл байдал болон авах арга хэмжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт үүссэн түймрийн нөхцөл байдал, учирсан хохирол, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийв.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр 468 мянган га талбайг хамарчээ. Түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд хуулиар тогтоосон 30 хоногийн хугацаа арваннэгдүгээр сарын 16-нд дуусна.

Түймрийн дараах богино хугацаанд авах шаардлагатай арга хэмжээний нэг нь үлдсэн нэлээд бага талбайд ан амьтдын нягтаршил ихэссэн учир тэдгээрийг идэш тэжээлийн хомсдолоос урьдчилан сэргийлж биотехникийн аргаар өвс, тэжээлээр хангах юм.

Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, биотехникийн арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт холбогдох арга хэмжээг зохион байгуулах үүрэг өгчээ.

Түймэрт өртсөн бүсийн гүн рүү чиглэсэн долоон цэгт өвс, тэжээл байрлуулах биотехникийн арга хэмжээний зураглалыг боловсруулсан байна.

2022 онд төрийн бус байгууллагаас Нөмрөгийн ан амьтдын судалгаа хийсэн бөгөөд судалгаагаар 14 мянган туурайтан амьтан байж болзошгүй гэж тооцжээ.

Мөн Нөмрөгтэй холбоотой үүссэн бүх зардлыг хохиролд тооцон эзэн холбогдогчдоор нөхөн төлүүлэхээр ажиллаж буй талаар сайд тэмдэглэв.

Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, залуучуудаас хандив тусламж үзүүлэх санаачилга гарч байгааг сайд онцолж, яамны зүгээс Онцгой комиссын дэргэд сан байгуулж, аймгийн зүгээс зохион байгуулалтыг хариуцах боломжтой гэдгийг хэлэв.

“Байгалиа хамгаалъя, ан амьтнаа хамгаалъя” гэсэн санаачилгатай байгууллагууд аймгийн Онцгой байдлын газарт хандаж, хандив, санхүүжилтийг төвлөрүүлэн шаардлагатай арга хэмжээнд ашиглах боломжтой гэж мэдээлэв.

Мөн цаашид Дорнод, Халхгол, Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт судалгаа, мониторингийн төв байгуулах хэрэгцээ гараад байгааг сайд онцолж, энэ хүрээнд нарийвчилсан судалгаа хийж, байгалийн баялаг, эрдэнэсийн талаарх мэдээллийг тодорхой болгох шаардлагатайг дурдав.

Эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар салбар хоорондын уялдааг сайжруулж, гадны судлаачдын нэвтрэх эрхийг хангуулах шаардлага байгаа аж.

Япон Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхэд судалгаа, мониторингийн төв байгуулах нь хамгийн гол шаардлага бөгөөд энэ чиглэлд дэмжлэг үзүүлэх нь чухал гэж сайд тэмдэглэлээ.

Сэтгэгдэл