Монголын хөрөнгийн бирж ИБУИНВУ-ын Лондон хотод 2026 оны есдүгээр сарын 15-нд зохион байгуулагдсан “Монголын хөрөнгө оруулалтын форум: Лондон 2026” арга хэмжээнд оролцлоо.
Форумд олон улсын 80 гаруй байгууллага, 150 гаруй хөрөнгө оруулагчид болон Монголын банк, санхүү, технологийн салбарын мэргэжлийн төлөөлөгчид оролцсон бөгөөд Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарын боломжуудыг хэлэлцэв.
“Монголын хувьцааны зах зээлийн шинэ үе” сэдэвт хэсэгт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, сүүлийн жилүүдийн өсөлт, хөрөнгө оруулалтын боломжууд болон цаашдын хөгжлийн бодлого, зорилтын талаар танилцууллаа.
Мөн тэрээр Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй реформын хүрээнд төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгох арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн юм.
Форумын үеэр олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компани Franklin Templeton-ийн Төв Азийн бүс хариуцсан Гүйцэтгэх захирал Мариус Дан төрийн өмчит компаниудыг хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох, мэргэжлийн удирдлагаар хангах, дотоод болон олон улсын зах зээлээр дамжуулан хөрөнгө татах нь Монголын институционал хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх ач холбогдолтойг онцлов гэж Монголын хөрөнгийн бирж мэдээлэв.


Сэтгэгдэл