Улс төр

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй компаниудад хууль ёсны арга хэмжээ авна

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгийн орчимд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын аюулгүй байдлын хяналтыг нийслэлийн Хяналт шалгалтын газар есдүгээр сарын 2-ны өдөр хийсэн байна.

Хяналт шалгалтын үр дүнд “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк Товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д сургуулийн орчны аюулгүй байдлыг стандартын дагуу хангах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

Дараагийн 14 хоногийн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар зарим компани албан шаардлагын зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тодорхой болсон байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургуулийн орц, гарцыг чөлөөлөх, явган хүний зам гаргах, гэрэлтүүлэг шийдвэрлэх зэрэг шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс илэрсэн зөрчилд хуульд заасны дагуу торгууль ногдуулж, шаардлагыг хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсооно” гэж мэдэгдэв.

Нийслэлийн Хяналт шалгалтын газар цаашид сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж, холбогдох хууль тогтоомж, норм стандартыг мөрдүүлэх аж.

Сэтгэгдэл