Спорт

Айчи Нагоя 2026: Азийн XX зуны спортын наадам албан ёсоор нээлтээ хийлээ

Азийн зуны спортын XX наадам өнөөдөр Айчи Нагоя хотод албан ёсоор эхэллээ. “Imagine One Asia” уриан дор зохион байгуулагдах уг наадамд Азийн 45 улс спортын олон төрөлд оролцох бөгөөд тэмцээн энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.

Монгол Улсаас 34 төрлөөр 299 тамирчин тэмцээнд оролцохоор Япон улсыг зорьж, түрүүч нь Нагоя хотод ирсэн бөгөөд нээлтийн ёслолд 100 гаруй тамирчин, албаны төлөөлөгчид оролцож байна.

Наадмыг зохион байгуулагч Япон улсаас 927 тамирчин оролцож байгаа бол БНХАУ 811, БНСУ 787, Тайланд 690 тамирчин бүртгүүлсэн байна.

Наадмын нээлтийн ёслол “Palorma Mizuho Stadium”-д орон нутгийн цагаар 18:00 цагаас эхэлж, 30,000 хүний багтаамжтай энэ арга хэмжээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар оролцов.

Монголын багийн тугчаар 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, мөн волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар томилогдсон байна.

Нээлтийн ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Азийн олимпын зөвлөлийн хүндэт гишүүдтэй хуран цугласан олны хүндэтгэлийг хүлээн авлаа.

Албаны төлөөллөөс “Айчи-Нагоя-2026” ХХ Азийн наадмын Монголын багийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Баттулга, дэд ахлагч УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Соёлын сайд Ж.Алдаржавхлан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцсон юм.

Сэтгэгдэл