Нийгэм

Налайх-Тэрэлжийн замын төлбөр авах цэгийг Цонжинболдог руу шилжүүлэхээр төлөвлөж байна

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Тэрбээр Улаанбаатар хотын иргэд хотдоо зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байгааг онцолсон бөгөөд энэ хэсэг нь аялал жуулчлалын бүс ч гагцхүү замын хураамж төлөхөөс үүдэн их хэмжээний түгжрэл үүсгэдэг гэдгийг тэмдэглэв. Иймд Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлэх саналыг Зам, тээврийн яамд хүргүүлж, шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Мөн Налайх дүүргийг хотын аялал жуулчлалын бүс гэж тодорхойлж, барилгажилт нэмэгдэж байгаатай холбогдуулан замын трассуудыг чөлөөлж, амрах талбайг цэвэрлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Б.Пүрэвдагва Засаг дарга Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг эдийн засгийн тусгай бүс болгон, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур өнгөрч буй замыг дөрвөн эгнээ болгохоор шийдвэрлэсэн талаар мэдээлэв. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд дотоод, гадаадын нэг сая орчим жуулчин ирдэг судалгаа байдаг.

Замыг дөрвөн эгнээ болгох шинэчлэлтээр Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэх бөгөөд оршин суугчид аялал жуулчлалын бүсэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл