Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноос мордлоо.

Энэ жилийн чуулган “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулагдах юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр сууриа илэрхийлж үг хэлнэ.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Ерөнхийлөгч 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Чикаго хотноо төвийн бүсэд оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр засгийн тэргүүн оролцоно гэж мэдэгдсэн байна.

Монгол Улс 1961 онд НҮБ-д 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элссэнийхээ 65 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд энэхүү хугацаанд бүс нутгийн болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.

НҮБ нь 1945 ондАНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд одоогоор 193 улс гишүүнээр элссэн байна.

Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган болон “Хамтдаа хүчтэй 80 жил: энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөө” сэдвээр зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл