“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс буюу 2026 оны 9 сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж, үргэлжилж байна. Энэ арга хэмжээ нь 21 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн юм.
Арга хэмжээний хүрээнд тухайн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчлах олон төрлийн үйл ажиллагаа өдөр бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрүүд, орон нутгийн болон нийслэлийн тариаланч, ногоочдын шинэ ургацын хүнсний ногоо нийлүүлсэн 218 асар байрлуулсан байна.
Үүнд шинэ ургацын жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо болон үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн орно. Мөн 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр худалдан авах боломжтойгоор худалдаалж байна. Холбогдох албаныхан хэрэглэгчдийг эх орныхоо үйлдвэрлэл, шинэ ургацыг дэмжихийг уриалж байна.


Сэтгэгдэл