Сүүлийн өдрүүдэд цахим орчинд нэр бүхий олны танил хүмүүстэй холбоотой Хүний дархлал хомсдолын вирусыг (ХДХВ) халдварын мэдээлэл тархсан нь нийгэмд айдас төрүүлж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) 2026 оны 9 дүгээр сарын 21-нд цаг үеийн мэдэгдэл гарган, халдвартай ээжүүдээс төрсөн 30 орчим хүүхэд ХӨСҮТ-ийн цаг алдалгүй хийсэн урьдчилан сэргийлэх эмчилгээний үр дүнд бүгд эрүүл төрсөн болохыг мэдээлжээ.
Тодруулбал, ХДХВ-ийн халдвартай 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн бөгөөд үүний 15 нь давтан төрсөн хүүхдүүд байжээ. Эдгээр тохиолдолд хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Манай улсад ХДХВ-ийн халдвар анх 1992 онд бүртгэгдсэнээс хойш нийт 451 тохиолдол бүртгэгдэж, 2026 онд шинээр 24 тохиолдол илэрсэн байна.
Нийгэмд халдвартай хүмүүсийг нэг орчинд ажиллах, амьдрахад халдвар авна гэсэн буруу ойлголт түгээмэл байгаа боловч Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 99.7 хувь нь хамгаалалтгүй бэлгийн замаар дамжсан байна.
Үлдсэн 0.3 хувь нь гадаадад халдвар авсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт эмнэлгийн тусламж үйлчилгээ, цус цусан бүтээгдэхүүн, эсвэл эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
ХДХВ нь гар барих, хамт хооллох, бассейн, албан тасалгаа ашиглах, шүлс, ханиах, шумуулд хазуулах зэрэг ахуйн замаар дамждаггүй гэж ХӨСҮТ онцолжээ.


Сэтгэгдэл