Улс төр

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвшүүллээ

Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр олон улсад хандан хийсэн юм.

Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаагүй 58 улсын нэг юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь байнгын 5 гишүүн орон (АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Франц) болон жил бүрийн сонгуулиар хоёр жилийн хугацаатай сонгогддог байнгын бус 10 гишүүн орноор бүрддэг. Байнгын бус 10 гишүүн орон нь Африк тивийн 3, Ази-Номхон далайн бүс нутгийн 2, Зүүн Европын бүс нутгийн 1, Латин Америк, Карибын тэнгисийн 2, Баруун Европын 2 төлөөлөлтэй байдаг.

Байнгын бус гишүүнээр сонгогдохын тулд нэр дэвшигч орон нь НҮБ-ын нийт гишүүн орнуудын гуравны хоёрын дэмжлэгийг авах шаардлагатай.

НҮБ-ын Дүрмийн 23 дугаар зүйлд байнгын бус гишүүнийг сонгохдоо олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг онцгойлон харгалзана гэж заасан байна.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний дараа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал, сүүлийн 30 жилийн хугацаанд 23 мянга гаруй цэрэг, цагдааг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн бөгөөд цөмийн зэвсэггүй бүс хэмээн нутаг дэвсгэрээ зарлан, уг статусыг олон улсын хуулиар баталгаажуулах чиглэлээр ажилласан нь нэр дэвшлийн үндэслэл болсон байна.

Хэрэв Монгол Улс 2048 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдвол тус зөвлөлийн бүрэлдэхүүнд анх удаа орж, дэлхийн хэмжээний бодлого шийдвэрт шууд оролцох боломжтой болох юм.

Сэтгэгдэл