Улс төр

Дэлхийн 20 гаруй орны эмэгтэй парламентчид Улаанбаатар хотод чуулж байна

Дэлхийн 20 гаруй орны 88 эмэгтэй парламентч Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт чуулга уулзалтад оролцож байна.

Тус чуулга уулзалтад оролцогчид парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодитойгоор хөгжүүлэх арга зам болон хууль тогтоох үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэж байгаа юм. Мөн оролцогчид санаа бодол, туршлага, мэдлэгээ солилцож, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогод тулгуурлан дэлхий нийтэд жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг дэмжих тал дээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 болон 2025 онд тус тус Дэлхийн эмэгтэйчүүд болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл