Баавгай айлын хот руу дайрч, мал барих тохиолдол нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан малчдын дунд баавгайд бариулсан малын махыг худалдаалж байгаа эсэх талаар эргэлзээ төрж байгааг зарим иргэд хэлж байна.
Мэргэжлийн байгууллагын мэдээллээр, баавгайд бариулж, амьд үлдсэн малыг малын эмчид яаралтай үзүүлж, мэргэжлийн дүгнэлт авах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Учир нь баавгайд бариулсан малын шарханд нянгийн халдвар үүсэх эрсдэлтой бөгөөд баавгайнаас трихинеллёз, бруцеллёз зэрэг халдвар дамжих магадлалтай байдаг.
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Я.Дагвадорж хэлэхдээ “Баавгайд бариулж шархадсан малыг зориулалтын мал эмнэлгийн нэгжээр шалгуулж, эмчийн үзлэг хийлгэх шаардлагатай. Шархны байдлаас хамааран эмчилгээ хийх эсэх, цаашид ямар арга хэмжээ авахыг малын эмч шийднэ. Амьдрах чадваргүй малыг унтуулдаг” гэж онцлов.
Мал, амьтнаас хүнд халдварлаж болох зоонозын өвчнүүд байдаг бөгөөд эдгээр өвчлөлүүдийг шинжилгээгээр тогтоодог. Халдвартай эсэхийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй бөгөөд цус, махтай холбоотойгоор халдвар авах эрсдэлтэй юм.
Иймээс баавгайд бариулсан малыг дур мэдэн нядалж махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хүнсний аюулгүй байдлын үүднээс малын махыг зах зээлд нийлүүлэхийг хуулиар хориотой гэж мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл