Баавгайгаас хүн амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комиссын болон Ерөнхий сайдын шуурхай хурлын үеэр хэлэлцэгджээ. Мөн орон нутагт баавгайгаас шалтгаалсан гэр орон болон эд хөрөнгийн хохирол гарсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн тул хохирлыг нөхөн төлүүлэх, төлбөр барагдуулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг зохицуулах боломжгүй болсноор Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох журмын дагуу шийдвэрлэхээр болсон гэж албаныхан онцолжээ.
Мөн Монгол орны хүрэн баавгайн тархалт, популяцын төлөв, амьдрах орчны судалгаа, мониторингийн нэгдсэн тогтолцоо бий болгох чиглэлээр Биологийн хүрээлэн ажиллаж байгаа юм байна. Энэ ажил хэрэгжсэнээр автоматжуулсан камераар баавгай болон бусад биологийн олон янз байдлын судалгаа хийх боломж бүрдэх төлөвтэй байна гэж дүгнэжээ.


Сэтгэгдэл