Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.16/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон суурь баримт бичигт хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсныг Гадаад харилцааны сайд энэ үеэр онцлов. Мөн 2026 оны тавдугаар сард Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн гэлээ.
Хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай заалттай байхаар боловсруулсан аж. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцсэн, эдийн засаг, нийгэм, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Энэхүү гэрээ нь 17 зүйлтэй бөгөөд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл