Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, нэрт сэтгүүлч МУИС-ийн Эмерит профессор М.Зулькафиль сэтгүүл зүйн салбарт гарч буй асуудлуудын талаар өөрийн байр сууриа Itoim.mn сайтад илэрхийллээ.
Тэрбээр сэтгүүлчдийн цалин бага учир ашиг орлого багатай байх нь бохир бизнесийн нэг илрэл болохыг онцлов. Мөн сэтгүүлчдийн асуудал нь зөвхөн хувь хүнтэй холбоотой биш улс төр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, сэтгүүлчид, хүлээн авагчид, боловсролын системтэй холбогддог таван хүчин зүйлтэй гэж дүгнэсэн.
Нэгдүгээрт, улс төрийн хэрэгт бүлэглэлүүд сэтгүүлчдийг ашиглах замаар нэгнийгээ гутаах үйлдэл явуулж байна. Улстөрчид, бизнес эрхлэгчид, төр засгийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшиж, хэвлэл мэдээллийн ард нуугдаж байна. Энэ байдал нь улс төр, хэвлэл мэдээллийн нэр хүндийг бууруулж байна.
Хоёрдугаарт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эзэд сэтгүүлчдийг хэрхэн сонгож, боловсрол, ёс зүйг дээшлүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгааг тодорхойлох хэрэгтэй. Цалин бага, нийгмийн баталгаа муу, материаллаг бааз хомс байгаагаас сэтгүүлчид улстөрчдийн нөлөөнд автдаг байдал газар авсан нь илэрхий байна.
Гуравдугаарт, сэтгүүлчдийн өөрсдийн болон редакцийн дотоод хяналт сул байгаа нь мэдээллийн чанарт сөргөөр нөлөөлж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зорилго, үүргийг тодорхой ойлгож чадаагүйгээс нийтийн эрх ашгийг дээгүүр тавих шаардлага хангагдахгүй байна.
Дөрөвдүгээрт, хүлээн авагчдын мэдээллийн хэрэглээний мэдлэг дутмаг байгааг онцолжээ. Сошиал орчинд гарах мэдээллийг сэтгүүл зүй гэж буруу ойлгож, итгэж маргаан үүсгэх явдал нийтлэг болж байна. Барууны орнууд 2000 оноос эхлэн медиа боловсролыг арван жилийн болон их сургуулийн түвшинд орж, иргэд мэдээллийг ялгаж салгах чадварт суралцаж байгаа нь сайн туршлага юм.
Тавдугаарт, цахим сэтгүүл зүй хөгжиж буй өнөөгийн нөхцөлд мэдээллийн ажилтнуудыг мэргэжлээр бэлтгэх, техник технологийг эзэмшүүлэх хэрэгцээ тулгарч байна. Мэргэжлийн мэдлэгээс гадна ерөнхий боловсрол, эх хэл, гадаад хэлний мэдлэг, хүн болж төлөвших нь ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүлч байх үндэс болдог.
М.Зулькафиль сэтгүүл зүйгийн салбарын цэвэршилт, сайжруулалтыг алхам алхамаар шийдэх шаардлагатайг тэмдэглэжээ.


Сэтгэгдэл