2026 оны аравдугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон 997 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай үзэгдэх нь нэмэгджээ. Албаныхан баавгайнуудын энэ хөдөлгөөнийг идэш тэжээлийн хомсдолтой холбон тайлбарлаж байна. Тухайлбал, энэ жил хушны самрын ургац бага болсон тул самар түүхийг хориглосон юм.
Гэвч Монголд хүрэн баавгайн тоо толгой, тархац, нүүдлийн талаарх нэгдсэн мэдээлэл хомс байгаа нь байгалийн хүчин зүйлсийн нөлөөг тодорхойлоход хүндрэл болж байна. Идэш тэжээлийн хомсдол нь нэг шалтгаан боловч амьдрах орчны өөрчлөлт, хоорондын өрсөлдөөн болон хүний үйл ажиллагааны нөлөөг мөн судлах шаардлагатай байна.
Биологич Н.Батсайханы мэдээллээр хүрэн баавгай нь холимог идэштэн бөгөөд жимс, мөөг, хушны самар зэрэг ургамлын гаралтай хүнснээс гадна бусад амьтан, сэг зэмээр хооллодог байна. Баавгай өвлийн ичээнд орохоос өмнө өөх хуримтлуулах учраас намрын улиралд идэш тэжээл элбэг байх шаардлагатай. Харин хүнсний нөөц хомсдсоноор тарга хүчээ хангалттай авахад хүндрэл үүсдэг.
Түүнчлэн чонын тоо толгой буурснаар баавгайн идэш тэжээл нэмэгдэж муугаар нөлөөлж болзошгүй гэсэн таамгийг биологич Н.Батсайхан дэвшүүлжээ. Чоно баавгайн идэш тэжээлд нөлөөлж чадах ч энэ байдлыг Монголын нөхцөлд баталсан судалгаа одоогоор байхгүй юм.
Баавгай суурьшлын бүсэд ойртох шалтгаанд хоол хүнсний нөөц, амьдрах орчны хувьд өрсөлдөөн ч нөлөөлж буйг тэмдэглэж байна. Том биетэй, хүч чадалтай баавгайнууд элбэг хоол тэжээлийн бүсийг эзэлж, сул дорой баавгайнуудыг шахахад тэд суурьшлын бүс рүү ойртох нөхцөл үүсдэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Амьдрах орчны өөрчлөлт, хүний үйл ажиллагаа баавгайн хөдөлгөөн, тархацад нөлөөлөх хүчин зүйлсэд тооцогдож байна. Тухайлбал, ой модтой ойр суурьших, зөгийн аж ахуй эрхлэх зэрэг нь хүн, зэрлэг амьтны хамтын орон зайд нөлөөлж болзошгүйг хэлж байна. Мөн ой түймрийн улмаас баавгай хил дамжин нүүдэллэх магадлал байгааг судлах шаардлагатай гэжээ.
Хүнсний үлдэгдэл, ахуйн хог хаягдал суурьшлын бүсэд байгаа нь баавгайг татаж, хүн, амьтны зөрчил үүсгэх эрсдэлтэйг Оросын судлаачид дурдсан. Монголд ч ийм нөхцөл байдлыг бүртгэж, ил задгай хог, хүнсний үлдэгдлийг зайлуулах талаар зөвлөмж өгсөн байна.
Хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртох үзэгдэл өмнөх жилүүдэд ч бүртгэгдэж байсан бөгөөд 2021, 2023 онд малчин айлын ойролцоо бамбарууш олдож, малд халдсан тохиолдол бүртгэгджээ. Улабаатар хотын орчимд ч хэд хэдэн удаа баавгайтай холбоотой үйл явдал болсон байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хүрэн баавгайн тоо толгойг орчин үеийн технологиор нэгдсэн байдлаар тоолох төлөвлөгөөтэй байгаа ч тоо толгойг тогтоохоос гадна баавгайн хөдөлгөөн, идэш тэжээлийн нөөц, амьдрах орчны өөрчлөлтийг хамтарч судлахыг онцолж байна.
Ийм судалгаа мэдээллийг үндэслэн баавгай суурьшлын бүсэд ойртох шалтгаан болон хүн, амьтан хоорондын зөрчлийг бууруулах бодит арга хэмжээг төлөвлөх боломжтой болно.


Сэтгэгдэл