Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шатахуун авахдаа дараалал харгалзахгүй үйлчилгээ авах шийдвэр гарлаа

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл учруулахыг багасгах үүднээс дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалтад үндэслэн батлагдсан бөгөөд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг хангана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ хамтдаа үзүүлэх шаардлагатай юм.

Ингэснээр шаардлагыг хангасан иргэд шатахуун түгээх станцад бусад тээврийн хэрэгслийн дараалалд удаан хүлээлгүйгээр шатахуун авах боломжтой болно.

Шатахууны шуурхай штаб шатахуун түгээх станцуудад үүсэж буй ачаалал, дарааллыг зохицуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Тиймээс шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч ажилтнууд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэлгүй, шуурхай үйлчлэхийг шатахууны шуурхай штабаас даалгав.

Мөн бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дараалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандахыг уриалжээ.

Энэхүү шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон шатахууны шуурхай штаб хамтран хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл