Нийгэм

18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Хангарди шагнал эзэд тодорлоо

18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Хангарди шагнал гардуулах ёслол болж, Монгол киноны уралдаант хэсгийн шилдгүүд тодорлоо. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх, үндэсний кино урлагийг дэмжих, Улаанбаатар хотыг урлаг соёлын төв болгон олон улсад танилцуулах зорилготой юм. Мөн кино урлагийн нийгэм, эдийн засаг, соёл болон боловсрол дахь үр нөлөөг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг.

Энэ жил Монгол киноны уралдаант хэсэгт 16 бүтээл ирүүлснээс “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Нийгмийн дайсан”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд” зэрэг бүтээлүүд “Монгол кино хөтөлбөр”-т шалгарч, үзэгчдэд танилцуулсан. Наадамд бүтээлүүдийг зургаан төрөлд үнэлж, шилдэг кино болон уран бүтээлчдийг тодруулснаас “Шилдэг кино” төрөлд “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Зуд”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд”, “Нийгмийн дайсан” кинонууд нэр дэвшсэн.

Хангарди шагналын эзэд:
– Шилдэг кино: “Цагаан хадны өнгө”
– Шилдэг найруулагч: “Ханын зураач” киноны найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж
– Шилдэг зохиол: “Нийгмийн дайсан” киноны зохиолч Баянжаргалын Гарамханд
– Шилдэг зураглаач: “Цагаан хадны өнгө” киноны зураглаач Чойжоованчигийн Хоролдорж
– Шилдэг зураач: “Ханын зураач” киноны зураач Баяраагийн Тэгшсүрэн
– Шилдэг хөгжмийн зохиолч: “Цагаан хадны өнгө” киноны хөгжмийн зохиолч Гаэл Ракотондрабе

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн хөгжлийг дэмжин, уран бүтээлчдийн авьяас чадварыг олон нийтэд хүргэх, дэлхийн кино урлагийн чиг хандлага, шинэ бүтээлүүдтэй танилцуулах ач холбогдолтой арга хэмжээ юм. Хангарди шагнал нь үндэсний кино урлагийн бүтээлч сэтгэлгээг үнэлж, үйлдвэрлэлийн чанар болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.

Сэтгэгдэл