Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2026 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 198,302 хүүхэд буюу зорилтот бүлгийн 69.4 хувь нь үзлэгт хамрагдсан бөгөөд 130,450 хүүхэд буюу 45.7 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрсдэлийн үнэлгээний дүнгээр 26.3 хувь нь хэвийн, 24.1 хувь нь бага эрсдэлтэй, 41.2 хувь нь нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай дунд эрсдэлтэй, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Дунд эрсдэлтэй хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт илэрч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эрт илрүүлгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан 3, 6, 11, 15 настайд зохион байгуулж, өсөлт, хөгжил, хараа, биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэхийн зэрэгцээ насны онцлогт тохирсон эрсдэлийг илрүүлж байна.
Тухайлбал, 3 настайд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумжийг хэрэгжүүлж байна.
Үзлэгийн гол зорилго нь хүүхдийн өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай нэмэлт үнэлгээ, оношилгоо, тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн юм.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо чухал тул хүүхдээ үзлэгт идэвхтэй хамруулж, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.


Сэтгэгдэл