Нийгэм

2026 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр төсөвт тусгалаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оны төсвийн тодотголд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 170.1 тэрбум төгрөг суулгаснаа мэдэгдлээ. Цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор Засгийн газраас холбогдох хууль, журам гаргаж мөрдөхөөр болсон байна.

Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ ялгаатай байгааг сайд тайлбарлажээ. Энэ нь орон нутгийн амьжиргааны нөхцөл, алслагдсан байдлыг харгалзан хөдөө ажиллаж буй албан хаагчдад 20-40 хувийн нэмэгдэл олгодогтой холбоотой юм.

Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр тооцжээ. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн цалин 2 сая 128 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 328 мянган төгрөгөөр нэмэгдэх бол нарийн мэргэжлийн их эмчийн цалин 312 мянган төгрөгөөр, ерөнхий мэргэжлийн их эмчийн цалин 297 мянган төгрөгөөр өсөхөөр төлөвлөгдсөн байна. Бага эмч, техникч, эм найруулагчийн цалин 283 мянган төгрөгөөр, сувилагч, согог засагчийн цалин 270 мянган төгрөгөөр, туслах сувилагчийн цалин 257 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг ч мөн нэмэхээр төлөвлөжээ. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын цалин 1 сая 883 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 573 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Эрдэм шинжилгээний ажилтан, судлаачийн цалин 546 мянган төгрөгөөр, дадлагажигчийн цалин 519 мянган төгрөгөөр нэмэгдэж, туслах ажилтны цалин 450 мянган төгрөгөөр нэмэгдэхээр баталсан байна.

Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын цалин ч өсөхөөр тооцжээ. Захирал, ерөнхий найруулагч, ерөнхий удирдаачийн цалин 1 сая 805 мянган төгрөгөөс 2 сая 708 мянган төгрөг болж, 903 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Номын сангийн эрхлэгчийн цалин 819 мянган төгрөгөөр, биеийн тамир, спортын дасгалжуулагч нарын цалин 742 мянган төгрөгөөр нэмэгдэхээр төлөвлөгдсөн байна.

Төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн хувьд Цаг уур, орчны шинжилгээний газрын ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогчийн цалин 1 сая 559 мянган төгрөгөөс 2 сая 339 мянган төгрөг болж, 780 мянган төгрөгөөр нэмэгдэх аж. Ахлах инженер, мэргэжилтэн, архивч, техникч зэрэг албан тушаалтнуудын цалин мөн 500-700 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин ч нэмэгдэх бөгөөд нэгжийн дарга, менежерийн цалин 1 сая 636 мянган төгрөгөөс 2 сая 454 мянган төгрөг болж, 818 мянган төгрөгөөр өснө. Архивч, жолооч, цахилгаанчин зэрэг туслах ажилтнуудын цалин ч 500 орчим мянган төгрөгөөр нэмэгдэхээр тооцсон байна.

Тухайлбал, их эмчийн үндсэн цалин 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2 сая 226 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Үүнд нэмэгдлүүдийг тооцвол Улаанбаатар хотод ажиллах их эмчийн сарын цалин ойролцоогоор 2 сая 894 мянган төгрөг, аймагт 3 сая 339 мянган төгрөг, суманд 3 сая 784 мянган төгрөг болох жишээтэй.

Соёл урлагийн салбарын номын санч, техникч зэрэг албан хаагчдын үндсэн цалин мөн энэ хугацаанд 2 сая орчим төгрөгт хүрэх бөгөөд орон нутгийн нэмэгдлийг тооцвол аймаг, суманд илүү нэмэгдэлтэй байна.

Эрдэм шинжилгээний ажилтан, ус цаг уур, орчны шинжилгээний технологич инженерийн цалин мөн нэмэгдэхээр тооцсон байна. Жолооч, цахилгаанчин зэрэг туслах ажилтны цалин орон нутгийн нэмэгдлээс шалтгаалан өсөх юм гэж сайд мэдээллээ.

Сэтгэгдэл