Нийгэм

Дональд Трампын хүү Монголд Кремлёвтэй хамт ангийн аялалд оролцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор энэ зун Монголын баруун хэсэгт байрлах алслагдсан анчдын баазад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойр харилцаатай бизнесмэн Умар Кремлёвтэй хоёр өдөр хамт байсан тухай Financial Times сонин мягмар гарагт мэдээлжээ.

Сонины мэдээнд тэмдэглэснээр, Трамп Жуниор Монголд зэрлэг ан амьтан агнах аялал хийхдээ АНУ-ын Нууц албаны хамгаалалттай явсан байна. Харин Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв Казахстаны боксын хэвлэлийн бага хуралд оролцсоныхоо дараа хувийн онгоцоор Улаанбаатарт ирэн Трамп Жуниорын байрлаж байсан баазад очсон аж.

Financial Times сонин мэдээллээ нислэгийн бүртгэл болон аялалд оролцсон орон нутгийн хөтөч нарын мэдүүлэгт үндэслэн нийтэлжээ. Аялалд оролцогчдын нэгний хэлснээр, Трамп Жуниор болон Кремлёв нар хамтдаа гэрэл зураг авахуулахаас зайлсхийсэн байна.

Трамп Жуниорын Монгол дахь ангийн аяллын зардлын зарим хэсгийг буяны дуудлага худалдаагаар санхүүжүүлсэн бөгөөд оролцогчид түүнийг дагалдах боломжийн төлөө 140 мянган ам.доллар хүртэл төлсөн байна.

Мөн энэ оны тавдугаар сард Карибын тэнгисийн хувийн арал дээр болсон Трамп Жуниорын хуримын зардлын тодорхой хэсгийг Кремлёв төлсөн гэх мэдээлэл гарч байжээ. ProPublica хэвлэл өнгөрсөн сард эдгээр талаар мэдээлсний дараа Дональд Трамп уг зардлыг хүү нь буцаан төлсөн гэж мэдэгдсэн юм.

Кремлёв нь Путинтай ойр харилцаатай бөгөөд Украины хоригт орсон хүн бөгөөд Кремлийн хамгаалалтын албаны дарга Алексей Рубежныйгаар дамжуулан Путинтай холбоо тогтоосон гэх мэдээлэл байдаг.

АНУ-ын сөрөх тагнуулын чиглэлээр ажиллаж байсан албан тушаалтнууд болон шинжээчид Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүд Кремльтэй холбогдолтой хүмүүстэй хувийн харилцаа тогтоох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүйг Financial Times-т онцолжээ.

Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгч түүний Кремлёвтэй харилцсан нь бизнесийн ач холбогдолгүй, харин ан агнуур, загасчлал, байгальд цаг өнгөрүүлэх нийтлэг сонирхолд тулгуурласан хувийн нөхөрлөл гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл