Эрүүл мэнд

Монгол Улс тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөрт 2009 оноос нэгдэж иржээ

Жил бүрийн аравдугаар сарын 29-нийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Монгол Улс 2009 оноос энэхүү өдөрт нэгдэн, иргэдэд тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, шинж тэмдгийг эрт таньж мэдэхийн ач холбогдлыг таниулж ирсэн.

Тархины харвалтын нийгэмлэгээс өнөөдөр дэлхий дахинд болон Монгол Улсад тархины харвалтын өвчлөл, урьдчилан сэргийлэлт, шинж тэмдгийг эрт таних талаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2021 онд дэлхий нийтэд 11.9 сая хүн шинээр тархины харвалтад өртсөн бол 93.8 сая хүн харвалтын дараах үр дагавартай амьдарч байжээ.

Тархины харвалт нь нас баралт төдийгүй хөдөлмөрийн чадвар алдалтын томоохон шалтгаан юм.

Монгол Улсад 100 мянган хүн тутамд ойролцоогоор 200 харвалтын тохиолдол бүртгэгддэг бөгөөд харвалт өгөх дундаж нас нь дэлхийн дунджаас 10 насаар залуу буюу ойролцоогоор 59 настай байна.

Тархины харвалт нь Монгол Улсад болон дэлхийд нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал болж буйг мэдээлэлд онцоллоо.

Харвалтын үед хүний хэл яриа өөрчлөгдөх, нүүрний нэг тал унжих, гар болон хөл сулрах, алхахдаа гуйвах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Эдгээр шинжийг эрт таньж, яаралтай тусламж авч чухал эмчилгээ хийх нь үр дүн сайжруулж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулахад ач холбогдолтой гэдгийг онцлов.

Сэтгэгдэл