Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчний улирлын хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилт нэмэгджээ

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ.

Ингэснээр эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхдүүд гэртээ ойр байрлах эрүүл мэндийн төвүүдэд эмчлүүлэх боломжтой болох юм.

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Б. Янжиндолгор хэлэхдээ, нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100 мянган төгрөг бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна гэв.

Тус багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн эмчилгээ, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг тусламж үйлчилгээ багтдаг байна.

Зарим иргэдийн дунд томуугаар өвдсөн хүүхдэд 100 мянган төгрөгийн эмийн багц олгоно гэж ташаа ойлголт бий болоод байгааг тэрбээр онцлов.

Энэ нь эмийн багц бус, хүүхдэд шаардлагатай өдрийн эмчилгээний зардлыг санхүүжүүлэх зохицуулалт болохыг тодотгожээ.

Хүүхэд бүрийн өвчний шинж тэмдэг, биеийн байдал харилцан адилгүй тул эмчилгээний төрөл, эмийн хэрэглээг эмчийн үзлэг үндсэн дээр шийдвэрлэдэг байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ ханиад, томуугаар өвдсөн үед өдрийн эмчилгээнд шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй бөгөөд эмчилгээний зардлыг тухайн эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр хариуцах юм.

Сэтгэгдэл