Нийгэм

Засгийн газар 2026-2030 онд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Засгийн газар 2026-2030 онд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус хөтөлбөрийн гол зорилго нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.

Монгол Улсад нийт 1 сая 5000 өрх байгаа бөгөөд үүнээс 350 мянга нь орон сууцанд, 250 мянга нь малчин өрх, 410 мянга нь уламжлалт сууцанд оршин сууж байна. Тухайн уламжлалт сууцанд амьдарч буй 410 мянган өрхөөс 270 мянга нь банкны шалгуураар орон сууц худалдан авах боломжтой бөгөөд үүний дотор 147 мянга нь бага дунд орлоготой, 123 мянга нь дунд ба дундаас дээш орлоготой өрх юм гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр танилцууллаа.

2025 оны байдлаар Улаанбаатар хотод 263 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Орон сууцжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2009 онд гэр хороололд 169 мянган өрх байсан бол 2025 он гэхэд 162 мянган өрх болсон байна. Гэр хорооллын яндангийн тоо нь 16 жилийн хугацаанд 5000-аар буурсныг харгалзан үзэхэд өмнөх Засгийн газрын орон сууцжуулах бодлого амжилт дүнд хүрээгүйг харж болох юм.

Шинэ “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд яндангийн тоог 50 мянгаар бууруулах зорилт тавьж, залуу гэр бүл, төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, олон хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан болон гамшгийн улмаас орон гэргүй болсон өрхүүдэд чиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтүүдийг албан тушаалтан шийдвэрлэх бус, иргэд цахимаар хүсэлт гарган, иргэний мэдээлэлд үндэслэсэн цахим тооцоолуур оноогоор үнэлэн хамгийн өндөр оноо авсан иргэн хөнгөлөлттэй зээлд түрүүлж хамрагдах болно. Зээлийн хугацаа 20 жил бөгөөд эхний гурван жилд 6 хувийн хүүтэй, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй байх юм. Засгийн газар 2027 оны төсөвт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт тус хөтөлбөрт багтаан зээлийн эх үүсвэр бий болгохоор төлөвлөж байна.

Ипотекийн зээлийн хүүг жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, дэлхийн дундаж ипотекийн зээлийн хүү 11 хувьтай байгаа тул Монгол Улсын 12 хувийн хүү нь боломжит өртөгтэй зээл гэж тайлбарлав.

Тус хөтөлбөрийн хүрээнд 60 мянган айлын орон сууцыг хувийн хэвшлийн компаниуд барьж, 40 мянган айлын орон сууцыг төрөөс газар, дэд бүтцийн хөгжүүлэлтийн дэмжлэгтэйгээр барилгажуулах юм.

Жишээ нь, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан “Ногоон нуур” 1008 айлын орон сууц, БНСУ-аас авсан хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 21-р хороонд баригдаж буй “Солонго-1, 2” хорооллын 5002 айлын орон сууц, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Сэлбэ-Ухаалаг хот”, Баянхошуу, Шархад баригдаж буй орон сууцуудыг иргэдэд санал болгохоор төлөвлөөд байна.

2027 оны улсын төсөвт эхний ээлжинд 16 мянган өрхийг энэ төсөлд хамруулж, үүнээс 14 мянгыг гэр хорооллоос орон сууцанд орж буй өрхүүдэд, 2000-ыг нь сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан, дулаанаа шийдэж, яндангаа буулгах боломжтой айлуудад олгохоор тусгасан байна.

Сэтгэгдэл