Зөвлөгөө: Тарваган тахлын эрсдэлтэй бүсэд зорчихдоо анхаарах хэрэгтэй

FUcHEWSeMAtarvagan_tahal-1

Урт амралтын өдрүүд эхэлж, иргэд хөдөө орон нутаг руу аялж, амарч зугаалах нь нэмэгддэг энэ үед тарваган тахлын халдварын эрсдэлээс сэрэмжлэхийг ЗӨСҮТ-ээс анхаарууллаа. Ялангуяа тарваган тахлын байгалийн голомттой бүс нутгаар зорчих иргэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, тарвага агнах, барих, арьс өвчих, махыг нь хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр хүний амь насанд аюултай энэхүү зоонозын халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой.

Тодруулбал, тарваган тахал өвчин гарах маш өндөр эрсдэлтэй аймгуудад Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь аймгууд багтаж байгаа юм.

Иймд тарвага агнахгүй, арьс өвчихгүй байх, тарваганы мах, дотор эрхтнийг түүхий болон боловсруулсан хэлбэрээр хэрэглэхгүй байх, агнасан тарвага болон түүний махыг хадгалах, тээвэрлэхгүй байх, тарвага, тарваганы түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байхыг зөвлөжээ. Мөн тарваганы нүх орчимд тоглох, удаан хугацаагаар саатахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх шаардлагатайг сануулсан байна. Үүнээс гадна үхсэн тарвага болон бусад зэрлэг амьтны сэг зэмд гар хүрэхгүй байх, тарвага олноор хорогдсон тохиолдол таарвал орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг болон Зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэхийг зөвлөжээ.

Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх, халдвартай эд зүйлстэй хүрэлцэх үед халдвар дамжих эрсдэлтэй.

Мөн богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулж болзошгүй бөгөөд гэнэт өндөр халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, булчирхай томорч эмзэглэх, бөөлжих, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох, цустай цэр гарах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Тарвагатай харьцсан, агнасан, арьс өвчсөн, махтай нь хүрэлцсэн эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дээрх шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхгүйгээр яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж заавал мэдээлэхийг зөвлөж байна.

Мөн эрсдэлт бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэд тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах, халдвартай бүс нутгийн сэрэмжлүүлгийг тогтмол анхаарч, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөх нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болохыг онцолжээ.

Зуны амралтын өдрүүдэд хариуцлагатай аялж, тарвага болон бусад мэрэгч амьтадтай эрсдэлтэй ойртохоос татгалзан, хувийн хамгаалалтаа сайтар мөрдөхийг дахин анхааруулж байна. Тарваган тахал нь хүнээс хүнд халдварлах боломжтой, богино хугацаанд хүндэрч болзошгүй өвчин учраас иргэн бүр сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *