Монголбанк: Инфляц 2027 оны дунд үе хүртэл өндөр байна

Төв банк тооцооллоос давсан инфляцын 12 хувийн өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай буюу Засгийн газрын бодлогоос хамааралтай хэмээн тайлбарлалаа. Учир нь мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц эрчимжсэн гэжээ. Хэрэв суурь инфляц болох хүнс, шатахуун, цахилгаан зэрэг нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ нь огцом хэлбэлздэг бараа, үйлчилгээг хасаж тооцвол, инфляц Төв банкны тооцоолсон хэмжээнд байгааг дурдсан байна. Ийнхүү инфляц эрчимжсэнтэй холбоотойгоор иргэд үнийн өсөлтийг цаашид ч үргэлжилнэ гэж үзсэн байгаа нь хамгийн тааруу мэдээ.
Цаашдын төсөөллийн хувьд шинэ шок үүсэхгүй бол инфляц саарч, ирэх 2027 оны дунд үеэс зорилтот түвшинд буурна гэж Монголбанкны мөнгөний бодлогын тайланд дурджээ.
Монголбанкны инфляцын зорилтот түвшин 6 (+2) хувь. Гэтэл өнгөрсөн сарын байдлаар 12 хувьд хүрч, бодлогоос алдуураад буй. Тэгвэл энэхүү өндөр өсөлт инфляцын өсөлт өмнөхөөс нэмэгдэж, 2027 оны турш ч үргэлжлэх магадлалтай. Тиймээс төсвийн алдагдал бууруулах, төсвийн гадуурх санхүүжилтүүд нэмэгдэхгүй байхыг эрх баригчдад зөвлөсөн байна. Дээр нь шатахууны нийлүүлэлтийг хэвийн байлгах, ялангуяа үнийг 2026 оныг дуустал одоогийн түвшинд тогтвортой байх шаардлагатай аж.
Хэрэв 12 хувийн өндөр инфляц үргэлжилсэн тохиолдолд Таны халаасанд байгаа 100 төгрөг жилийн дараа ойролцоогоор 88 төгрөг болж буурна. Улмаар худалдан авах чадвар төдий чинээгээр буурсаар байх юм. Өөрөөр хэлбэл, таны түрийвчинд байгаа мөнгөн дэвсгэрт хэлбэрийн хувьд хэвээр байх боловч бодит худалдан авах чадвар нь жил бүр 12 хувиар буурсаар байна гэсэн үг.


