Ш.Батбаяр: “КОП-17” хурлыг зохион байгуулах хүрээнд нийт 75 байгууллагатай сурталчилгаа, контент бэлтгэх, түгээх гэрээ хийсэн байсан

2026-07-28
Screenshot 2026-07-28 151500

Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдана.

Хэдийгээр албаныхан олон улсын томоохон арга хэмжээ гэж тодорхойлж буй ч олон нийт энэ талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь сурталчилгаа дутуу хийгдсэнтэй холбоотой гэж үзэж буй.

Тэгвэл өчигдрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй томоохон дүнгээр гэрээ байгуулсан ч гүйцэтгэл тааруу байсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга А.Төгсбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

Өнөөдөр Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАӨЯ)-наас “КОД-17” хурлын талаар хэвлэлийн хурал хийх үеэр сэтгүүлчид энэ талаар тодруулав.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Энэхүү хурлыг зохион байгуулах хүрээнд 2024 болон 2025 онд нийт 75 байгууллагатай сурталчилгаа, контент бэлтгэх, түгээх гэрээг хийжээ. Үүнээс 74 гэрээг БОУАӨЯ, Ажлын алба, Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны төсөв санхүүгээс гаргасан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсанд оруулж байна. Ямар хэвлэл мэдээллийн байгууллагатай хэр хэмжээний дүнгээр байгуулсан тухай задаргааг нь мөн оруулъя.
Сар бүр гүйцэтгэл олгодог хоёр гэрээ байгуулаад санхүүжилтийг нь өгөөгүй байсан. Уг гэрээг нь сунгаагүй. Ийм гэрээ хийсэн албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн.

Бусад нь ямар нэг хэлбэрээр гүйцэтгэлээ хийсэн тул Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд нийцүүлэх шаардлагатай гэрээнүүдийг нийцүүлээд нийт 35 гэрээг 2026 онд сунгасан. Учир нь 2025 онд хийгдсэн гэрээнүүд нь зөвхөн 10-12 дугаар сар буюу 2-3 сарын хугацааны гүйцэтгэлийн гэрээ хийгдсэн байсан. Тиймээс “КОП-17″ хурлыг хийх бэлтгэл ажил, зохион байгуулагдах хугацаа, түүнээс гарах үр дүнг олон нийтэд түгээх шугамаар гэрээг сунгасан. Нэмэлт санхүүжилт олгохгүй, 2025 оны үлдэгдэл санхүүжилтийн дүнгээр нь сунгасан” гэсэн юм.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир “2025 оны аравдугаар сард 75 байгууллагатай гэрээ хийгээд тал санхүүжилт буюу 500 орчим сая төгрөгийг олгосон байсан. Үлдэгдэл 430 орчим сая төгрөгийн санхүүжилт нь төлөгдөөгүй үлдсэн. Өнгөрсөн хугацаанд Ажлын алба маань ГХЯ-ны дэргэд буюу Гадаад харилцааны сайдын багцад төсөв нь байв. Үлдсэн мөнгө шилжигдээгүй байсан тул төлбөрийг нь 2026 он руугаа дамнуулан шилжүүлж, БОУАӨЯ төлөх болсон. Ингэтэл тухайн гэрээнүүд нь 2025 оны 10-12 дугаар сарыг дуустал хугацаатай, 19 сая төгрөгийн гэрээнүүд байсан.

Нэг байгууллагатай 19 сая төгрөгөөр хоёрхон сарын хугацаатай гэрээ хийнэ гэж байж болохгүй гээд гэрээ дүгнэх актыг цуцлаад санхүүжилтийг нь зогсоосон. Гэтэл гэрээ хийсэн хэвлэл мэдээллийнхэн мөнгө авъя, 2025 оны тайландаа оруулж, НӨАТ шивсэн байхад ингэж болохгүй гэсэн. Улмаар Ажлын албаны даргад БОУАӨЯ-ны Хяналт мониторингийн газраас хяналт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Холбогдох баримтуудыг хууль хүчний байгууллагад өгөөд байна.

Ажлын албаны дарга солигдон ирээд гэрээ хийсэн бүх компанитай дахин уулзаж, гэрээний хугацааг сунгах буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусах байсныг 2026 он дуустал болгосон, хоёрдугаарт ажлын даалгавар оруулж өгсөн. Өмнө нь гэрээнд ажлын даалгавар байгаагүй” гэж дэлгэрүүлж тайлбарлалаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагатай хийсэн гэрээний 37-д нь 625 сая төгрөгийг олгосон байсан. Үлдсэн 35 гэрээг хуульд нийцүүлж, 383 сая төгрөгийг 2026 онд олгосон гэж БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нэмж хэллээ.