Сүхбаатар аймгийн наадамд түрүүлсэн Б.Бадамдоржоос допинг илэрчээ

2026-07-28
Screenshot 2026-07-28 165035

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний хариуг үе шаттайгаар танилцуулж байна. Өмнө нь энэ жилийн аймаг, сумдын баяр наадамд шөвгөрсөн зургаан бөхийн сорьцод хориотой бодис илэрсэн талаар мэдээлсэн. Харин хамгийн сүүлд гарсан лабораторийн шинжилгээний дүнгээр Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн Балтмөнхийн Бадамдоржийн сорьцод мөн хориотой бодис илэрсэн байна. Ингэснээр одоогийн байдлаар дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрчээ. Үүнд:

Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам)
Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам)
Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадам)
Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам)
Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам)
Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)
Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар аймгийн баяр наадам)
МҮДЭБ-ын мэдээлснээр мөн дөрвөн тамирчны сорьцыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн TD2022IRMS техникийн баримт бичгийн шаардлагын дагуу GC/C/IRMS нарийвчилсан шинжилгээнд хамруулсан байна. Энэ нь тухайн сорьцод хориотой бодис илэрсэн гэсэн үг биш. Харин лабораторийн зүгээс нэмэлтээр хийдэг шинжилгээ аж.

Нарийвчилсан шинжилгээнд:

Мөнгөнцоожийн Мягмарцэрэн
Бярваагийн Ганбат
Жаргалсайханы Буянхишиг
Даваадоржийн Төгсбаатар нарын сорьц хамрагджээ.
Мөн нийт 80 сорьцын эцсийн хариугаар Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймаг, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үеэр авсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна.

Харин үлдсэн дөрвөн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан гараагүй байна. Шинжилгээ үргэлжилж байгаа нь тухайн сорьцод заавал хориотой бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд лабораторийн шинжилгээ бүрэн дууссаны дараа эцсийн дүнг мэдээлэхийг МҮДЭБ-аас мэдэгдлээ.