Б.Солонгоо: Монгол Улс “Рио тинто”-гоос нөхөн төлбөр шаардах ёстой

2026-08-031min
94e34e117acabbb12914463053931468

-“Рио тинто” компани хөрөнгө оруулагчдадаа Оюутолгой төсөлтэй худал мэдээлэл өгсөн гэдэг нь батлагдаж, хувьцаа эзэмшигчдэдээ нөхөн төлбөр өгөх болсон талаар мэдээлэл гарсан. Энэ нөхцөл байдал Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” компани Оюутолгойн асуудлаар хэлэлцээнд давуу байдал авчрах боломжтой юу?

-Мэдээж, Засгийн газарт давуу байдал авчирна. “Рио тинто” компани одоогийн байдлаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаас болж АНУ, Канад улс дахь жижиг хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөр өгөх болоод байна. Хэдхэн хоногийн өмнө Канад улсын шүүхэд жижиг хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гаргасны дагуу “Рио тинто” компани 22 сая канад долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон мэдээлэл гарлаа. АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх мөн 2025 оны арваннэгдүгээр сард Петвотер тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчдэд “Рио тинто” компани 138.9 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцсоныг баталгаажуулсан. Жижиг хувьцаа эзэмшигчид нөхөн төлбөр авч байгаа шалтгаан нь ерөөсөө л Оюутолгой төсөлтэй холбоотой. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нөхцөл байдлын талаар “Рио тинто” компани үнэн бодитой мэдээллийг цаг хугацаанд нь хөрөнгө оруулагчдадаа өгөөгүй, худал ярьснаас болсон хэрэг.

“Рио тинто” компани жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ нөхөн төлбөр өгөхөөр тохиролцож буй нь өөрөө асуудал байсныг харуулж байна. Огт асуудалгүй, үнэн бодит мэдээлэл өгч байсан бол хэдэн арван сая ам.долларын нөхөн төлбөр сайн дураараа төлөхгүй шүү дээ.

Энэ жишгээр манай улс ч гэсэн нөхөн төлбөр нэхэмжлэх бүрэн боломжтой, шаардах ёстой юм. Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудлыг судалж, “Рио тинто” компаниас тайлбар заавал авч, яриа хэлэлцээндээ давуу байдал бий болгох ёстой. Нөгөө талаар Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар “Рио тинто” үнэн бодит мэдээлэл өгч байгаа эсэхийг ч нягталж, “Рио тинто”-гоос мэдээлэл, тайлбар шаардах нь яриа хэлэлцээнд чухал ач холбогдолтой.  Хэрэв Засгийн газрын Ажлын хэсэг энэ ажлыг хийхгүй, шаардлага гаргахгүй байвал улсынхаа эрх ашгийг огоорсон, маш том эс үйлдэл болно.

-Өмнө нь ч гэсэн “Рио тинто”, “Туркойс хилл ресурс” компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар шүгэл үлээж байсан. Тэд хэд хэдэн удаагийн маргаандаа ялалт байгуулсан байдаг. Та бүхэн тэдэнтэй хамтран ажилласан байсан байх аа. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Оюутолгой төслийн хоёр дахь үе шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой эргэлзээтэй мэдээлэл 2020 оноос эхлэн гарч байсан. “Рио тинто” компани анх 2019 оны долоодугаар сард гүний уурхайн бүтээн байгуулалтын капитал зардал 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж буй талаар мэдэгдсэн. Үүний шалтгааныг геотехникийн буюу газрын доорх геологийн нөхцөлөөс боллоо гэж тайлбарлаж байсан. Харин олон улсын хэвлэлээр “Рио тинто”-д ажиллаж байсан зөвлөхүүд шүгэл үлээж, компаниас худал мэдээлэл өгч байгаа талаар олон нийтэд хандсан. Тухайн үед Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй холбогдож мэдээлэл авч, хамтран ажиллаж байсан. Их Британи улсын иргэд Ричард Боули, Маурис Даффи нар 2021 оны наймдугаар сард Монгол Улсад ирж, Ажлын хэсгийн гишүүд, төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байсан. Шүгэл үлээгчдийн өгсөн зөвлөгөөний дагуу бид Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хэтэрсэн шалтгаан, нөхцөлийг судалж дүгнэлт гаргуулах шаардлагыг “Рио тинто” компанид тавьж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж байлаа.

Шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь “Рио тинто” компанийн менежментийн алдаа, удирдлагын болон худалдан авалтын буруу шийдвэрээс болсныг нотолсон. Үргэлжлүүлээд зардлын аудит хийх зөвлөмж гарч байсан. Харамсалтай нь “Рио тинто” компани энэ ажилд маш хойрго хандаж, хөндлөнгийн аудит оруулах асуудал үндсэндээ замхарч байна.

2020-2021 онд Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байхад Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойс хилл ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид мөн гомдол, нэхэмжлэл гаргаж байсан. Жижиг хувьцаа эзэмшигчдийн тавьж байсан асуудлыг тухайн үед Монгол Улсын Засгийн газар ч хөндөж, “Рио тинто”-гоос тайлбар, мэдээлэл шаардаж байсан. “Рио тинто”-гийн бидэнд өгөхгүй байсан мэдээллийг бид шүгэл үлээгчдээс авч байсан гэсэн үг.  Энэ бол маш ноцтой асуудал юм. “Рио тинто” компани Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлдэг, Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагын шийдвэрийг бие даан гаргадаг. Их хэмжээний менежментийн төлбөр ч үүний хариуд авдаг. Үүнтэй харьцуулахад хангалттай хариуцлагатай ажиллаж, Монгол Улсын Засгийн газар болон олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгч байсан уу гэвэл 2018-2020 онуудад худал ярьж байсныг бид тухайн үед нотолж байсан. Энэ нь 2021-2022 оны яриа хэлэлцээнд томоохон хөшүүрэг болж өгсөн. Оюутолгой компани дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох, хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлсэн яриа хэлэлцээний үр дүн ч үүнтэй холбоотой. Бид үргэлжлүүлж энэ асуудлыг судалж, зардлын аудит оруулах шаардлагыг тавьж байсан боловч одоо болтол үр дүн гараагүй байна.  Харамсалтай нь сүүлийн хэдэн сар Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байсныг буруугаар тайлбарлаж, мушгин гуйвуулж, мөнгө угаасан зэрэг худал мэдээлэл тараах болсон нь харамсалтай. Тухайн үед холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гараад л хамтарч ажилласан. Биднийг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байгааг мэдээд “Рио тинто” маш их дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийг ч хаасан болов уу.

БИД БАЯЛГАА АШИГЛУУЛААД ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ХҮҮ ТӨЛӨХ Л САНХҮҮГИЙН МӨЛЖЛӨГ ҮРГЭЛЖИЛНЭ

-Оюутолгойн хэлэлцээрийн ажлын хэсэгт удаан хугацаанд ажилласан албан тушаалтны хувьд Засгийн газрын энэ удаагийн хэлэлцээрийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Баяр наадмын өмнө Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой компаниас “Рио тинто”-д төлөх хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж чадлаа гэх  мэдэгдлийг хийсэн. Ингэж зээлийн хүү буурснаар Оюутолгой компани өдөрт 15 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлөхөөр байсан бол энэ дүн 10 тэрбум болж буурсан талаар мөн мэдээлэл өгсөн. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулсан нь сайшаалтай. Гэвч Монгол Улсад ирэх үр өгөөжийг дорвитой нэмэгдүүлэхгүй. Ногдол ашиг авах хугацааг урагшлуулах, бодитоор үр өгөөж хэрхэн нэмэгдэх нь ч тодорхойгүй байна. Ер нь бол Оюутолгой компанийн санхүүжилтийн бүтцийг аваад үзэхээр 20 орчим тэрбум ам.долларын өртэй байна. Монгол Улсын нийт гадаад өрийн 50 хувийг эзэлж байна. Яагаад ийм их өртэй болов гэхээр дээр дурдсан гүний уурхайн ажлаа хугацаанд нь дуусгаж чадаагүй, зардал 2 тэрбум ам.доллароор хэтрүүлснээс болсон. Гүний уурхай хугацаандаа ашиглалтад ороогүй учраас Оюутолгой компанийн мөнгөн урсгал хойшилж, авсан зээлийн эргэн төлөх хугацааг сунгах шаардлагатай болсон. Нийт 2 тэрбум ам.долларын нэмэлт зардлыг мөн санхүүжүүлэхийн тулд дахиад л зээл авсан. “Рио тинто” компанид төлөх хувь нийлүүлэгчдийн зээлд хуримтлагдсан хүү өнөөдөр анх олгосон зээлээс давж, 7 тэрбум ам.доллар аль хэдийн хүрсэн.

“Рио тинто” Оюутолгой компанийн менежментийг хэрэгжүүлдгийн хувьд ажлаа хугацаандаа дуусгаж чадаагүй, зардал хэтрүүлсэн хариуцлагыг хүлээх ёстой. Хуримтлагдаад байгаа хүүг хүчингүй болгох ёстой. Ингэж байж бодитой үр дүн гарна. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг тооцох аргачлалыг ч өөрчлөх ёстой. Улирал бүр хүүгээс хүү тооцож, нийлмэл хүүгийн аргачлал ашиглаад байгаа учраас Оюутолгой компани өрөнд баригдаад байна.

Олсон орлогоороо энэ их хуримтлагдсан хүүг төлнө гэвэл Монгол Улсад энэ төсөл ямар ч ашиггүй. Бид баялгаа ашиглуулаад зээл, зээлийн хүү төлөх л санхүүгийн мөлжлөг үргэлжилнэ. “Рио тинто”компанитай хариуцлагын асуудал зайлшгүй ярих ёстой.  “Рио тинто” манай улсаас урьтаж ашиг хийхийн тулд л өндөр хүүтэй зээлийн санхүүжилтийн схем ашиглаад байна шүү дээ. Тэгэхээр баяр наадмын өмнө зээлийн хүү бууруулсан яриа хэлэлцээний үр дүн гарсан нь сайшаалтай ч бодитоор асуудлыг шийдэхгүй, косметик засвар төдий л үр дүн гарсан.

“Рио тинто” компанид төлөх менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулсан гэх яриа хэлэлцээний үр дүн мөн л суурь асуудлыг шийдээгүй, өнгөц төдий л үр дүн юм. Учир нь менежментийн төлбөрийн хэмжээг бууруулсан гэж байгаа боловч зардлаас хувь тооцож менежментийн төлбөр авдаг аргачлал хэвээрээ. Уг нь бид Оюутолгой компанийг үр ашигтай ажиллуулж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилснаар “Рио тинто”-гийн ажлын үр дүнг дүгнэж, менежментийн төлбөр төлдөг зарчим руу шилжих ёстой. Оюутолгой төслийн суурь гэрээнүүдэд хариуцлагын асуудлыг огт тусгаагүй. “Рио тинто” компани сайн ажиллаж байгаа эсэхийг дүгнэх механизм байхгүй. Тийм ч учраас зардал их хэмжээгээр хэтрүүлж, худлаа ярьсан нь нотлогдоод байхад л бид яаж ч чадахгүй суугаад байна шүү дээ. Гэтэл Оюутолгойн асуудлаар гадаадын жижиг хөрөнгө оруулагчид “Рио тинто”-г шүүхэд өгөөд нөхөн төлбөр аваад байдаг. Бид л дүлий дүмбэ байгаад байгаа нь эмгэнэлтэй.

-Тухайлбал, Засгийн газар хамгийн сүүлд энэ 2026 онд Оюутолгойгоос ногдол ашиг хүртэхээр болсон гэдгийг зарласан. Энэ боломжтой юу. Өмнө нь энэ талаар тооцоолол гарч байсан уу?

-Бид 2026 онд Оюутолгой төслөөс ногдол ашиг авах бүрэн боломжтой. Учир нь зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд байна. Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт нэмэгдсэнээс шалтгаалж орлого, ашиг нь эрс өссөн. Ер нь 2025 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. Оюутолгой компани 2026 онд нийт 8 тэрбум гаруй ам.долларын орлого олж, ногдол ашиг тарааж болох чөлөөт мөнгөн урсгал нь 5.2 тэрбум ам.доллар байх тооцооллыг олон улсын шинжээчид хийсэн. Бид Оюутолгой компанид 34 хувь зэмшдэг. Нийт 5 тэрбум ам.долларын ногдол ашиг хуваарилахад, манай 34 хувьд ногдох ногдол ашиг 1.5 тэрбум ам.доллар буюу 6 их наяд төгрөг болно. Засгийн газар ногдол ашиг авах асуудалд анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай. Энэ жил ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын ногдол ашиг авах бүрэн боломжтой.

Цаашдаа Оюутолгой компанийн ашиг улам л нэмэгдэнэ. Оюутолгойн бүлэг ордын агуулга хамгийн өндөртэй, зардал багатай хэсгийг олборлож буй энэ үед ногдол ашиг авч чадахгүй бол “Рио тинто” хамаг өрмийг нь хамаад монголчууд бид хусамтай л үлдэх эрсдэл бодитоор байна. Тиймээс “Рио тинто”-д шаардлага тавьж, 34 хувьд ногдох ашгаа бүрэн авах нь нэн чухал юм.

-Энэ удаагийн хэлэлцээнээс монголчууд хамгийн гол нь ямар үр дүн шаардах ёстой гэж Та хувьдаа харж байгаа вэ?

-2009 онд Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед бид энэ төслөөс маш өндөр хүлээлттэй байсан. Өндөр хүлээлт үүсгэж ч Хөрөнгө оруулалтын гэрээг их сурталчилж, лоббидсон. Харамсалтай нь 17 жилийн дараах бодит байдал анх амлаж байсантай харьцуулахад маш чамлахаар байна. “Рио тинто” компани энэ төслийг үр ашигтай удирдаж, төслийн менежерийн хувьд ажлаа сайн хийж байгаа эсэхийг дүгнэх цаг болсон. Өнгөрсөн хугацаанд нийт 1.5 тэрбум ам.долларын менежментийн төлбөрийг Оюутолгой компаниас авсан.

Гэтэл Оюутолгой төслийн ил уурхайн зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч байсан. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал ч 2 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Хамгийн гол нь төслийн хамтрагч болох Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгч байгаа эсэх нь ч эргэлзээтэй байсаар байна.

Тиймээс бид менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бага зэрэг буурууллаа гээд санаа амрах биш харин “Рио тинто” компанийг хариуцлагатай ажиллуулах, хяналтыг сайжруулах чиглэлээр суурь гэрээг шинэчлэх цаг нь болсон.

2025 оны арванхоёрдугаар сард УИХ-ын түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголоор Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ бол хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй зээлийн, санхүүгийн мөлжлөгийн гэрээ болж хувирсныг нийтээрээ л мэдсэн, дүгнэлт гарсан. Хөрөнгө оруулалтын гэрээ бол татварын хувь хэмжээ л тогтворжуулсан гэрээ. Татвартай холбоотой заалтуудаас болж бид өнөөдөр ч Оюутолгой төсөл дээр хэдэн их наяд төгрөгийн татварын маргаантай байна. Энэ маргаан цаашид ч үргэлжилнэ. Тиймээс Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдрийн нөхцөл байдал, төслийн онцлогтой уялдуулж шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Бид гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл дээрээ байнга маргаантай байх нь хөрөнгө оруулалтын орчинд ч таатай зүйл биш юм. Цаашид маргаангүй байхын тулд Оюутолгой төслийн суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг дүгнэж, шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Косметик засвар хийгээд суурь асуудал шийдэгдэхгүй, байнгын л маргаантай сэдэв байх болно.

Нөгөө талаас Оюутолгой төслийн хамгийн үр өгөөжтэй, баялаг хэсгийг олборлоод эхэлсэн энэ цаг үед бид үр өгөөжийн асуудлыг зайлшгүй хөндөж, ногдол ашиг, ашиг авах ёстой. Эс бөгөөс Бороогийн алтны ордын гашуун түүх Оюутолгой төсөл дээр давтагдах бодит эрсдэл байсаар байна.