Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны наймдугаар сард эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна. Эцэг эх, асран хамгаалагчид бүртгэлийн хугацааг анхаарч, шаардлагатай мэдээллээ урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна.
Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдахтай холбогдуулан тухайн бүсэд байрлах таван дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм.
Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэрэг үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж, багш, ажилтнууд зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг эхийн хэрэгцээнд тулгуурласан уян хатан зохицуулалтаар явуулахыг холбогдох яамнаас үүрэг болгосон.
Ингэснээр цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй бөгөөд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хамруулах цэцэрлэг, сургуульд бүртгүүлэхдээ анхааралтай бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.
