Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн Монгол дахь айлчлал ба “Азийн эрчим хүч” төсөл

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр 04:00 цагт Улаанбаатар хотод газардсан бөгөөд өмнө нь Словак, Туркменистан улсад ажиллаад иржээ.
АНУ-Ираны дайн дэлхийн олон улсын эдийн засагт шууд нөлөөлж, газрын тосны үнийг өсгөсөн нь Япон улсад сөрөг үр дагавар авчирсан гэж үзэж байна. Ийм учраас Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү газрын тосны эрэл хайгуулаа өргөжүүлэх болон гадаадын улс орнуудаар айлчлах үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, энэ айлчлал гурван гол зорилготой аж. Нэгдүгээрт, Хуулийн засаглалд тулгуурласан Номхон далайн түншлэлийг бэхжүүлэх; хоёрдугаарт, дэлхий дахинд үүссэн хурцадмал байдлыг намжаахад хамтран ажиллах, тэр дундаа дэд бүтцийн болон эрчим хүчний салбарыг хамтран хөгжүүлэх; гуравдугаарт, хоёр тал харилцан хамтын ажиллагааны шинэ санаа, санал санаачилгуудыг солилцон хэлэлцэх юм.
Мотэги Тошимицү Гадаад хэргийн сайдаар хоёр дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд Монгол-Японы дээд түвшний харилцан айлчлалуудыг тогтмол явуулж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхийг зорьж байгаа аж. Мөн тэрбээр Монгол Улсын эрчим хүчний салбарын бие даах чадварыг дэмжиж, агаарын замын тээврийг либералчлах бодлогыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлжээ.
Түүний айлчлал “Азийн эрчим хүч” төсөлтэй холбоотой юм. Монголын “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг Японы хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд одоо өргөтгөх шаардлагатай болжээ. Жилд 1.5 сая зорчигч хүлээн авах чадвартай тус нисэх буудалд нэмэлт 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор талууд тохирсон бөгөөд энэ нь одоогийн ханшаар ойролцоогоор 1.4 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Зээлийн хугацаа 40 жил, жилийн хүү 0.1-0.2 хувьтай байна.
Өргөтгөлийн хүрээнд 3500 метр урт шинэ онгоцны буух зам барих, нисэх буудлын ажилтнуудыг сургах, өргөтгөлийн дараа менежментийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Ираны газрын тосны нийлүүлэлтэд үүссэн хүндрэлээс үүдэн Япон улс “Азийн эрчим хүч” төслийг хэрэгжүүлж, бүс нутгийн улс орнуудын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. АНУ-аас шатахуун худалдан авж, нөөцөө нэмэгдүүлэн, Зүүн Өмнөд Азийн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Японы тал энэ төслөөр бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хиймэл оюун ухааны салбарт Монгол залуусыг сургах, улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бататгах боломжуудыг онцоллоо.
Ирэх жил Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэхүү ойн арга хэмжээг хэрхэн тэмдэглэх талаар төлөвлөгөөг удахгүй батлах гэж байна.
