Түүх, соёлын биет өвийг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн хадгалсан зөрчлийг илрүүлэв

Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын журам зөрчигдсөн хэргийн талаар Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын яамнаас мэдээлсэн байна. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан зөрчил хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагч нарын шалгалтаар илэрчээ.
Шалгалтын явцад зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдийн эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, 3 ширхэг ембүүгийн хугарсан хэсэг, 1 ширхэг мөнгөн гулдмай зэрэг соёлын биет өвийг хураан авч түр хадгалж байна. Үүнийг холбогдох журмын дагуу шийдвэрлэх шатанд оруулсан юм.
Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч зөрчлийн хэрэгт холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оноосон бөгөөд торгуулийг бэлэн бусаар төлүүлжээ.
Иргэдэд түүх, соёлын биет өвийг хадгалж хамгаалахыг уриалж, соёлын өвтэй холбоотой хууль бус үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.
