“Эрүүл мэндийг дэмжих жил-2027” арга хэмжээний төлөвлөгөөг баталгаажууллаа

2026-09-091min
“Эрүүл мэндийг дэмжих жил-2027” арга хэмжээний төлөвлөгөөг баталгаажууллаа
“Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, эмийн зардлыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг Засгийн газар болон орон нутгийн удирдлагууд хариуцахаар боллоо.

“Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгтгэн удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгасан байна.

Төлөвлөгөөнд багтсан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгчээ.

Уг төлөвлөгөөнд дөрвөн үндсэн зорилтын хүрээнд 18 арга хэмжээ тусгагдсан бөгөөд эдгээр нь иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрхийн болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.

Одоогоор хөнгөлөлттэй эм хэрэглэж буй 873 мянга гаруй иргэний 67 орчим хувь нь артерийн даралт, цус бүлэгнэлтийн эсрэг болон чихрийн шижингийн эм хэрэглэж байгаа бөгөөд эдгээр эмчилгээг тогтмол үргэлжлүүлэх боломжгүйгээс өвчин хүндрэх эрсдэлтэй байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй эрүүл мэндийн салбарын зардалд ч шууд нөлөөлж буй юм.

Тиймээс эхний ээлжинд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, эмийн зардлын дарамтыг бууруулахад онцгойлон анхаарах шаардлагатай гэж төлөвлөгөөнд заажээ.

Мөн эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг тус төлөвлөгөөнд орсон байна.

Үүнээс гадна урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үр дүнг нэмэгдүүлж, илэрсэн эрсдэл болон өвчлөлийг эмчилгээ болон эмчийн хяналттай шууд холбох тогтолцоог бэхжүүлэх зорилт тавьсан байна.

Тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийг дэмжих арга хэмжээнүүд багтжээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эрүүл мэндийг дэмжих жил” кампанит ажлыг нэг жилийн хугацаанд явуулах бус иргэдийн эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын нөөцийг үр ашигтай ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх жил болгон хэрэгжүүлэхээ онцолсон байна.