Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого үргэлжилж байна

Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хийж буй ажлуудыг нийслэлийн удирдлага танилцууллаа. Хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдсэнээр, нийслэлийн хөгжлийн бодлогод ногоон хөгжлийн санаачлага тэргүүлэх байр суурь эзлэх юм.
Тухайлбал, хүн ам ихээр нягтаршин суудаг Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Ногооннуур орчимд хувийн хэвшлийн дэмжлэгээр Хаан банктай хамтран 5.5 гектар талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хуучнаар Жуковын хөшөөний ард талын 6,000 м.кв газрын зөвшөөрлийг энэ зургаадугаар сард цуцалж, орон нутгийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлжээ.
“Ногоон өртөө” төслийн хүрээнд энэ зун 14 цэгт цахилгаан автомашины 38 цэнэглэгчийг байршуулж, хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн байна. Энэ оны турш цэнэглэгчийн тоог 80-д хүргэж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй аж.
Цахилгаан автомашины тоо 50,000-д хүрвэл жилд 300 сая литр шатахуун хэрэглээг бууруулж, 200 сая ам.долларын эдийн засгийн хэмнэлт гарах тооцоо байна.
Шинээр Шархад, Баянхошуу дэд төвүүдэд ногоон орон сууцны төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр орон сууцны ус, цахилгааны хэрэглээ нь 20-25 хувь хүртэл буурдаг. Түүнчлэн орцны гэрлийг нарны панелаар хангаж, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл нэвтрүүлж, 270 айлын ногоон орон сууц барих төлөвтэй байна.
Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 5,000 айлыг хийн зууханд шилжүүлээд байгаа ба ирэх жилүүдэд 10,000-15,000 айлыг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна.
Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн уурын зуухаар хангадаг хэсгийг хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлж, 130 мянган өрхийн яндангаас ялгарах нүүрсний утааг бууруулах зорилготой байна.
Нийслэлийн удирдлага иргэдэд ээлтэй, ногоон байгууламжид баялаг, хүүхэд, ахмад хүмүүст тохиромжтой орчинг бүрдүүлэхэд анхаарч байгаа бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Б.Пүрэвдагва хэлсэн.
Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж эхэлснээс хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрчээ.
