Технологи

CNN: iPhone Duo утасны том дэлгэцийн аппликейшн тохиргооны дутагдал ажиглагдав

Apple компанийн анхны эвхэж болох ухаалаг утас болох iPhone Duo маргааш буюу аравдугаар сарын 23-нд худалдаанд гарах гэж байна. Уг төхөөрөмж нь 2000 ам.доллараас эхлэх үнэтэй бөгөөд том дэлгэц болон шинэ боломжуудаараа хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Гэсэн хэдий ч олон аппликейшн iPhone Duo-ын дэлгэцэд бүрэн тохируулагдаагүй байгаа нь хэрэглээнд хүндрэл үүсгэж байгааг CNN-ийн сэтгүүлч Лиза Эадиччо туршлага дээрээ тулгуурлан мэдээлжээ.

Сэтгүүлч уг утсыг долоо хоног орчим ашиглахдаа Netflix үзэх, Instagram гүйлгэх, хөлбөмбөгийн тоглолт үзэх, цахим ном унших зэрэг функцүүдийг жижиг таблет мэтээр хэрэглэжээ. Мөн iPhone Duo-г хагас эвхээд ширээн дээр байрлуулан сэрүүлэгтэй цаг, дижитал зургийн жааз маягаар ашиглах боломжтойг тэмдэглэжээ.

iPhone Duo нь гаднах 5.4 инчийн дэлгэцтэй бөгөөд дотор дэлгэц нь 7.6 инчийн хэмжээтэй, дэлгэгдсэн үед нугалаас нь бараг анзаарагддаггүй юм. Төхөөрөмж хоёр аппликейшнийг зэрэг ажиллуулж, хооронд нь зураг болон мэдээлэл дамжуулах боломжтой байна. Гэсэн хэдий ч зарим аппликейшн, жишээлбэл Google Maps, Gmail, Call of Duty Mobile, Uber зэрэг нь шинэ дэлгэцийн бүрэн боломжийг хангаж чадаагүй бөгөөд хар хүрээтэй эсвэл дэлгэцийн голд жижиг цонх хэлбэрээр харагдаж байгаа аж.

Харин Google, TikTok, Instagram, Threads зэрэг аппликейшнүүд туршилтын хугацаанд шинэчлэгдсэнээр асуудал аажмаар шийдэгдэж буйг сэтгүүлч тэмдэглэжээ.

iPhone Duo-ын хаалттай үедх хэрэглээ нь iPhone 18 Pro-оос илүү тухтай байсан ч камерын чанар нь тусгай телефото дурангүйгээс хамаарч Pro загварын камерынхаас бага зэрэг доогуур байсан байна. Батерейн хувьд өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой боловч дэлгэц болон аппликейшнийг хэр удаан ашиглаж байгаагаас хамааран цэнэг хурдан дуусах боломжтойг тэмдэглэжээ.

Сэтгүүлчийн үзэж буйгаар, iPhone Duo нь том дэлгэцтэй гэх давуу талтай, халаасандаа авч явах боломжтой төхөөрөмжийг эрэлхийлсэн хэрэглэгчдэд тохиромжтой боловч 2000 ам.долларын үнээр авах явцаас өмнө аппликейшнүүд дэлгэцэд бүрэн тохируулагдахыг хүлээх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Сэтгэгдэл