Улс төр

Авто осолд өртөх хүүхдийн тоог 20 хувиар бууруулах хуулийн төсөл боловсруулжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Гэрээс сургууль хүрэх зам” хэлэлцүүлэг зохион байгуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт төрийн болон мэргэжлийн байгууллагууд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн сургуулийн төлөөлөл, сурагчид оролцов. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, хэрэгжүүлснээр зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоог эхний жилд 20 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж.

Хэлэлцүүлгийн модератор, нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа хэлэхдээ, сурагчид гэр, сургуулийн хооронд зорчихдоо явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр явах, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй орчинд зорчих зэрэг эрсдэлтэй тулгардаг гэв. Тэрбээр нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2026-2027 оны хичээлийн жилд “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлж байгааг дурдаад, хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сургууль орчмын аюулгүй байдлын стандарт болон төсвийн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг онцоллоо.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан 2026 оныг “Хүүхдийн эрхийг хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг хэлэв.

Түүний мэдээлснээр, хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, тандалт болон үр нөлөөний судалгааг хийсэн бөгөөд холбогдох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсны дараа төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Хэлэлцүүлэгт оролцсон ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй замын орчин бүрдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцолжээ.

Сэтгэгдэл